Тэнгэрийн амьтанд мөхлийн аюул нүүрлэжээ Dienstag, 19. Februar 2008

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.28)

Сүрлэг сайхан биетэй төдийгүй дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргийг эмгэнэлт хувь заяа тосож буйг анзаарахыг өгүүлсэн нийтлэлээ Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарчийн “Тэмээ” шүлгээр эхэлмээр санагдлаа. П.Бадарч энэхүү шүлгээрээ 1987 онд “Болор цом”-ын эзэн болж байсныг уран зохиол сонирхогчдын олонх санаж байгаа биз ээ.

Тэмээ ямар аугаа амьтан болохыг харуулсан 20 гаруй бадаг шүлгээс шинэ цагийн монголчууддаа иш татаж хүргэе. Түүнчлэн орчин үеийн багачуудын олонх нь хорвоод ховорхон хоёр бөхт тэмээтэй орны иргэн гэдгээ мэдэхгүй байж ч болох. XXI зуунд тэмээ ачлага уналга, хөсгөнд бараг ашиглагдахаа больсон учраас. Уг нь бол монголчууд адуу, тэмээг 6000 жилийн тэртээгээс гаршуулсан гэдэг. Тийм ч учраас морин өртөөг шуудангаас халж, галт тэрэг өртөөлөн машин тэрэгтэй залгах 1960-аад оныг хүртэл Монголын тээврийг тэмээ гэдэг тэнхлүүн амьтан залгуулж явсныг хэн хүнгүй мэднэ.

Өргөн дэлхийд ургасан өвс цэцгэн дундаас
Өвс бут шаваг шарилж аль л хатуу хүтүүгээр нь хооллох
Өлгийтэй жаахан хүүхдээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өжин хөдөлгөх ижий нь юм шиг бүүвэй бүүвэй гэж алхлах
Ус нэг уугаад гарвал гурвын гурав ес хонодог
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй
Унаган говио орхиж нутаг ердөө сэлгээгүй

Авгай хүүхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж үйлийг нь үзэж байхад
Арай л өндөрдөөд байна уу гээд өөрөө хэвтээд өгдөг
Санаа сэрэггүй тайвандаа үрээн голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхлуулсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад эхлэхээр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тэмээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ…

П.Бадарч “Намайг энэ шүлгийг бичихэд Монгол Улс 975 мянган тэмээтэй байсан. Тухайн онд Тэмээг өсгөн үржүүлж хайрлан хамгаалах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч байсан. Түүнчлэн Хэнтий, Дорноговь, Дундговь зэрэг аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, улс төрийн товчооны гишүүд, тэмээ судлаач Индраа зэрэг эрдэмтэд очиж илтгэл хүртэл тавьж байлаа. Үүнээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэмээний тоо толгой өссөнгүй, харин ч жилээс жилд уруудсаар ирлээ. Монголчууд тэмээг 12 жилд багтаж чадаагүй ч 12 жилийн бүгдийнх нь шинжийг агуулсан тухай өгүүлдэг нь тэмээнд хайртай учраас өхөөрдсөн хэрэг.

“Уйлган шарын домог”, “Сариг цагаан ингэний яриг цагаан ботго” тууль гээд манайд тэмээг магтан дуулсан аман зохиол цөөнгүй. Монголын бахархал болсон тэмээний уналга ачлагын хэрэглээ шинэ зуунд хумигдсан ч гэсэн монголчууд түүнийг бэлгэ тэмдэг гэдэг утгаар хайрлан хамгаалах ёстой. Нүүдэлчин монголчуудын нүүдлийн гол хөсөг нь тэмээ байсан. Тэмээтэй айлын нүүхийг тэнгэр мэднэ, тэмээгүй айлын нүүхийг тэмээ мэднэ гэдэг үг байж болно. Тэмээтэй айл тэнгэр сайхан болохыг харж байгаад хүссэн цагтаа нүүж болно, харин тэмээгүй айл хэчнээн тэнгэр сайхан байгаад ч тэмээ олдохоос нааш нүүж чадахгүй суудгийг хэлж байгаа юм.

Тэмээний тоо толгой жилээс жилд хорогдож байгаад миний сэтгэл эмзэглэдэг юм.Тэмээ устаж үгүй болбол Монгол тав биш, дөрвөн хошуу малтай болно. Тавын тооны бэлгэ тэмдэг үгүй болно гэсэн үг. Монгол таван хошуу малтай учраас бид таван хошууг онцолдог. Хэрвээ дөрвөн хошуу малтай болчих юм бол таван хошууны тухай ойлголт үгүй болно. Тэмээний оронд тахиа юм уу зөгийг л оруулах байх даа.Тэнгэрийн амьтан устана гэдэг төрийн далбаан дээрх соёмбыг авч хаясантай ижил гэж ойлго” гэсэн юм.

Дэлхийд 19.1 сая толгой тэмээ байгаагаас 0.8 сая орчим нь хоёр бөхт тэмээ. Хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь манай улсад бий. Үүнээс үзэхэд хоёр бөхт тэмээ дэлхийд ховор бөгөөд одоогоор манай улсад гол цөм нь байгааг эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна. Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Завхан зэрэг манай арав гаруй аймагт тэмээг өсгөн үржүүлдэг. Үүнээс Өмнөговь аймаг хамгийн олон буюу 70.8 мянган тэмээтэй. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээс ажиглахад Баянхонгор, Говь-Алтай тэмээний тоо толгойг өсгөж, Дорноговь аймаг тэмээн сүргээ ганцхан жилийн дотор 3000-аар хорогдуулжээ.

Зургаан жилийн өмнө улсын хэмжээнд 285.2 мянган тэмээ байсан бол өнгөрсөн оны эцэст дээрх тоо 33 мянган толгойгоор буурчээ. Тавхан жилийн дотор шүү дээ. Энэ бас гайгүй. 2001,2002 оны жил дараалсан зудад Монголын тэмээн сүргийн тоо толгой өм цөм хорогдсон байх юм. Дээрх хоёр жилд 50 мянга орчим тэнгэрийн амьтан үхжээ. Цас зудын аюулаас гадна сүүлийн жилүүдэд монголчууд тэмээг хүнсэнд их хэрэглэх болсон нь тоо толгойн огцом уруудалтад нөлөөлж байгаа гол шалтгаан. Жилд дунджаар 12 мянган тэмээ хүнсэнд хэрэглэдэг тооцоог өнгөрсөн оны мал тооллогын комиссын мэргэжилтнүүд гаргасан байв.

Өөрөөр хэлбэл оны эхэнд тоолсон нийт тэмээний 10-13 хувийг хэрэглээнд зориулж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн 2002 онд Өмнөговь аймагт болсон Тэмээ үржүүлэгчдийн улсын зөвлөлгөөний үеэр “Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 176.5 мянган ботго бойжуулж, зүй бусаар хорогдсон болон хүнсэнд хэрэглэсэн тэмээний тоо 267.2 мянгад хүрч, бойжсон ботгоноос 1.5 дахин их байна” хэмээн танилцуулсан санагдана. Харамсалтай байгаа биз. Тэмээний махны хэрэглээ борлуулалттай одоо буй 252 мянган тэмээгээ харьцуулж бодох юм бол дэлхийд ховор хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь Монголд байсан юм гэнэ лээ гэсэн домог л ам дамжин хоцрох цаг хугацаа ойрхон.

“Арчилгаа маллагаа муугаас хулгайд алдахаас гадна өсвөр насны ботго, тормыг чоно үлдээхгүй болсон тухай дээрх зөвлөлгөөний үеэр тэмээчид онцлон тэмдэглэж байсан. Чоно ухаантай амьтан чинь тэмээний өмнө очоод хөрвөөхөөр тэмээ их сониуч шүү дээ. Үнэртэж байгаад бариулдаг. Том тэмээ бол тэгэхгүй л дээ, ботго тором тэгж сониучирхаж байгаад чонын аманд орох нь элбэг” хэмээн тэмээчид ярьж билээ. Өмнөговь аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, зөвлөмж гаргаад бүтэн дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч төдийлөн үр дүн харагдсангүй.

Бусад малыг бодоход махны гарц арвинтай учраас тэмээг идшинд түлхүү хэрэглэж байгаа гэж хэлж болно. Түүнчлэн тэмээ өсгөн үржүүлдэг говийн аймгууд бог мал харьцангуй цөөтэй болохоор хоттойгоосоо барих болоход тэмээн сүргээсээ зооглох төдийгүй, бэлэн мөнгөөр худалдах нь их гэнэ. Мөн тэмээ хээлээ 13 сар тээдэг учраас өсөлт удаантай амьтан. Хүнсэнд хайр найргүй хэрэглэхдээ нөхөн үйлдвэрлэл удаантайг нь умартдаг бололтой, манайхан.

Тэмээний мах үхэр, хонины мах шиг өргөн хэрэглээ болоогүй ч нэг кг нь өнөөдөр 1700-1800 төгрөг хүрчээ. Гурван жилийн өмнө хонины мах ийм л ханштай байсан. Тэмээний махны үнэ, хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь тэмээний тоо толгой улам уруудах шалтгаан болж байгаа хэрэг. Тэмээний зогдор, шил, өвдөгний эр ноос болон их биений эм ноосны хэрэглээ дээхнэ үед их байсан. Эзэгтэй нар ширдэг, хаяавч ширэх утасныхаа ноосыг олох гэж тэмээ олонтой айлаас асууж сурагладаг байв.

Гэтэл зах зээл эхэлснээс хойш тэмээний эр ноос шиг үнэгүй, хэрэггүй зүйл үгүй болж айлууд тэмээгээ ноослохоо больсон. Эзэгтэй нар ч эр ноосыг хайхаа больж үйлдвэрийн утсаар хаяавч ширдгээ ширдэг болжээ. Өнөөдөр ноос ноолуурын үйлдвэрүүд зохих хэмжээгээр тэмээний ноосон бүтээгдэхүүн хийж байгаа ч тэмээний ноос бусад малын түүхий эдтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа гэж хэлж болно. Ингэний сүү нь гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг, эмчилгээ сувилалд ашиглахад үр дүнтэй байдаг нь анагаахын шинжлэх ухаанаар нотлогдсон ч хэрэглээ нь мөн л бага буй.

Тэмээний тоо толгойг бууруулахгүй байхын тулд үс ноос, сүүгээр нь бүтээгдэхүүн хийж, үнэд хүргэх асуудал хамгаас чухлыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэнгэрийн амьтнаа хамгаалан үржүүлэх зорилготой тав зургаан ч холбоо байдаг бололтой. Эдгээр байгууллагаас тэмээг хайрлан хамгаалах талаар дорвитой ажлыг хамтарч нэгдэн хийж байна уу гэж асуумаар. Жил бүр зохиогддог тэмээн пологоос өөр тэмээгээ жуулчид болон монголчууддаа сурталчлах арга хэмжээ алга гэлтэй. Харин ХХААЯ Тэмээний тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ мэтээр Монголын нэг бахархал болсон тэнгэрийн амьтнаа идэж устгах бус, ашиг шимийг нь өөр байдлаар хүртэж улмаар тоо толгойг нь нэмэгдүүлэх цаг болжээ.