Бэлчээрийн мал аж ахуйн төлөв байдал Dienstag, 19. Februar 2008

Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй нь цаашдаа ч удаан хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд манай нийт нутгийн 80 гаруй хувь нь малын бэлчээрт тохиромжтой. Монголын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэдэг хэвээр байна. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин 30 хувь, хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн эзлэх хувийн жин 80 гаруй хувь байна.

Монгол орны эдийн засгийн гол салбарын нэг болох бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн гамшигт өртөх магадлал өндөр байдаг онцлогтой. Мал сүрэг жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын байнгын нөлөөн дор бэлчээрийн маллагаатай байдаг тул цаг агаарын огцом өөрчлөлт, эрс тэс уур амьсгал нь мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх явдалд багагүй бэрхшээл учруулдаг. Энэ үед мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль-экологийн орчныг хамгаалахад шинжлэх ухаанчаар хандаж, малчдын залуу үеийг сурган дадлагажуулж, тэдэнд уламжлалт арга ажиллагааг эзэмшүүлэн мэргэшүүлэх нь чухал байна.

Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг зах зээлийн эдийн засгийн харилцааны зүй тогтолын дагуу ажиллаж амьдрах арга ухаанд сургах нь онцгой ач холбогдол бүхий асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрх хэрэглээний шинжийн үйлдвэрлэл эрхлэгчээс үйлдвэрлэгч, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийн нэгж болон төлөвших явц эрчимтэй явагдаж байна. Мөн өнөөгийн нөхцөлд хөгжингүй техник, технологи нэвтрүүлэх замаар мал аж ахуй үйлдвэрлэлийг зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Хагас нүүдлийн хэлбэрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зах зээлийн эрэлт шаардлага ч бий болж байна.

Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжихдээ юуны өмнө дэлхийн мал аж ахуйн түүхий эдийн зах зээлд нэвтрэхээс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөө дэлхийн зах зээлтэй харилцах, мөн Монголд худалдаа хийж байгаа гадаадын компаниудаар дамжин нэвтрэх хоёр арга замыг ашиглаж байна. Ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн түүхий эдийг аль болох дотооддоо боловсруулах чиглэл баримтлах нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа юм. Үүний тулд малчдад богино хугацаанд зах зээлийн таатай орчин бүрдүүлж чадах эдийн засгийн механизмуудыг ашиглахад анхаарч байна. Ялангуяа татвар, зээл зэрэг бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дундаж амьжиргаатай малчдыг олшруулахад чиглэсэн үйл ажиллагаа чухал байна. Үүний тулд зээл олгох, онцгой тохиолдолд тэжээлийн туслалцаа үзүүлэх, малын даатгалд хамруулах, дахин малжихад туслах, мал эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгох зэргээр орлого багатай ядуу малчдыг төрөөс дэмжих ажлыг алхам алхмаар хийж эхлээд байна. Гэвч урт хугацаанд зах зээлийн орчин нөхцлийг сайжруулах өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр дээрх арга хэмжээг авах нь үр ашиг багатай юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хамтын хөдөлмөрөө хоршсон үйл ажиллагааг дэмжих, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд хамтран борлуулалт хийх тогтолцоог бүрдүүлэх явдал чухал байна. Ялангуяа 1998 онд Монгол Улсад “Хоршооны тухай хууль” батлагдсанаар малчид хоршоонд нэгдэх сонирхолтой болсон. Энэ хууль нь хөдөө аж ахуйн хоршоог хөгжүүлэх, хөдөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааг зах зээлийн нөхцөлд шилжүүлэхэд чухал алхам болсон.

Түүнчлэн ойрын жилүүдэд Монголын Засгийн газрын өмнө тулгарч байгаа шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг бол хөдөөгийн хүн амд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, мал аж ахуйн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих явдал юм. Нэгдлийг тарааж малыг малчдад өгч зах зээлийн гарааны харьцангуй ижил нөхцлийг олгосон хэдий ч хүмүүсийн өөрийнх нь хичээл зүтгэл, идэвхи санаачилга, ажил хэрэгч овсгоо харилцан адилгүй байна. Ялангуяа баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа нь төв болон орон нутгийн удирдлагаас оновчтой зохицуулалт хийхийг шаардаж байна.

Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг түргэсгэх томоохон боломж бол дутуу ашиглагдаж байгаа боловсон хүчний томоохон нөөц юм. Өнөөгийн малчид дотор машин, трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл эзэмшиж сурсан, үржил селекцийн болон мал эмнэлгийн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн олон төрлийн мэргэжлийн хүмүүс олон байна.

Даяаршлын өнөөгийн шинэ зуунд дэлхийн улс орнуудын өмнө тогтвортой хөгжлийн замаар замнах зайлшгүй шаардлага тавигдаж байгаагийн дотор юуны өмнө байгаль орчноо хамгаалж, зүй зохистой ашиглах, хүн амыг эрүүл хүнс, усаар хангах асуудлыг тэргүүн зорилт болгоод байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчэээрийн мал аж ахуйн байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн цэвэр бэлчээрт түшиглэн үйлдвэрлэл явуулдаг учир хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болдог. Гэвч унаган төрхөөрөө үлдсэн байгаль, түүнд тохирсон үйлдвэрлэлийн арга хэлбэр дэлхийд төдийлөн элбэг биш болжээ.

Зохиогч Ц.Сүхбаатар нь “Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төв”-д судлаачаар ажилладаг.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)