Аав чинь нэгдэл байгуулах гээд байгаа юм уу хөө Dienstag, 19. Februar 2008

Хормой үрээс хөндий дүүрэн тариа ургахын адил Монголын эгэл дундчуудын амьжиргааг өөд татахад хоршоо их үүрэг гүйцэтгэнэ. Ийм итгэлийн үүднээс 1998 оноос хойш хоршооны тухай “Тэнгэрийн бошго-хоршооллын дуу хоолой” нэвтрүүлгийг Монголын радиод хийж өдгөө 300 дугаарт хүрэх шахаж явна. Манай нэвтрүүлэг эдийн засгийн радио нийтлэл зохиомжоор эхэлж, хүмүүст хоршооны анхан шатны мэдлэг олгоход чиглэж, улмаар “Хоршоогоор сонин юутай байгааг” сурвалжилж эхэлсэн билээ. Цаашдаа хоршооны 150 жилийн түүхтэй олон улсын уламжлалт мэдлэгт тулгуурласан шинэ маягийн Монгол хоршооны номлолыг бий болгохыг зорьж буй юм. Бидний яриа элс рүү асгасан ус шиг дэмий хоосон болсонгүй.Төр, засаг 2003 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил гэж зарлалаа. Монголын хоршоологчдын хэлж ярьж байгааг сонсч байхад хоршоонд зөвхөн дундчууд элсч төрхөмсөж байна. Гэтэл төр, засаг маань ядуурлыг бууруулахад хоршоо хэрэгтэй гэдэг. Нийлүүлэх хувь хөрөнгөгүй хүнийг хоршооны хэмжигдэхүүнээр авч үзвэл ядуу хүн гэнэ. Тийм хүнд хоршоо тул зүгээр л сонсох төдий нэр юм.

Хоршооны тухай олон улсын мэдлэгийн дээж нь 1995 онд Манчестр хотноо хуралдсан Алянсын их хурлаас тунхагласан хоршооллын үндсэн долоон зарчим билээ. Шинэ маягийн Монгол хоршоо эдгээр зарчмыг нутагшуулан авч хэрэглэж байна. Тэдгээрийг бидэнд хэн ч тулгаагүй, Монголын хоршооллын хөдөлгөөн өөрөө аяндаа хүлээн авсан юм. Одоо Монголд хоршоо нэртэй аж ахуйн нэгж дөрвөн оронтой тоогоор яригдаж байна. Гэвч тэдгээр нь бүгд жинхэнэ хоршоо биш, зарим нь эзний байгууллага юм. Жинхэнэ хоршоо бол гишүүд нь толгой мэдэж дээд эрхийг барьдаг. Хоршооны хөгжлийг дэмжих жилийн бүхий л арга хэмжээнээс нэгтгэн бодоод үзэхэд дараахь бодлоо би тулгахгүй юм гэхэд дуулгахгүй сууж тэвчихгүй нь.

Юуны өмнө хоршоо тухайн хүнд амьдралын шинэ хэв загварыг өгдөг. 1990-ээд оны эхээр Монголд ардчиллын үйл явц өрнөж түүний хүрээнд нэгдэл тарсан билээ. Энэ нь угтаа амьдралын цоо шинэ хэв загварыг сонгох боломж олгосон. Гэтэл малаа үнэ төлбөргүй хувьчилж авсны дараа малчид шинэ хандлагатай болж чадаагүй, шуудхан хэлэхэд шинээр дахин төрөөгүй, хуучин янзаар урагшлах гэж зүтгэсэн юм. Хар амиа аргацааж, хувиа хичээх нь улам л ихэсчээ. Хүмүүс ганц ганцаараа тарж бие биеэсээ улам бүр холджээ. “Ганц мод гал болдоггүй” гэж монголчууд ярьдаг. Гэсэн хэрнээ тэрийгээ мартжээ. Ган, зуд даамжирч, гамшгийн хэмжээнд нүүрлэхэд дор дороо аргаа барж хүчгүйдлээ. Энэ байдлыг хараад зарим хүн “Хохь чинь дээ, нэгдлийг яах гэж тараасан бэ” гэж хонзонтой маягаар хэлж байна.

Хүнс хөдөө аж ахуйн сайд, ноён С.Насанжаргал хоршооны хөгжлийг дэмжих жилийн бүсчилсэн зөвлөгөөний бүх арга хэмжээн дээр илтгэл тавьсан юм. Нэг удаа Ховд аймагт болсон бүсийн зөвлөгөөнд оролцоод буцах гэж онгоц хүлээцгээж байх зуур тэрбээр бидэнд сонин болгож:

-Манай хүүгээс найз нь аав чинь хоршоо моршоо гэж энэ жилийн турш яриад байх юм, нэгдэл байгуулах гэж байгаа юм уу хө…гэж асуусан байна лээ хэмээн ярьсан юм.

Энэ бол нэр нь энд дурдагдаагүй тэр нэгэн залуугийн ч биш, ерөөс нийгмийн нэгэн хэсгийн зүгээс андуурч эндүүрч тавиад байгаа асуулт юм. Нэгдлийг тараасан нь цагаа олсон зөв шийдэл байсан. Одоо харин малчдад нэг нэгнээ дэмжиж, байнгын тийм харилцаанд орж амьдрах шинэ дүрэм хэрэгтэй болжээ. Тэр ч байтугай бизнес төлөвлөгөөтэй аж ахуйн нэгжийг танд санал болгоё. Энэ нь хоршоо.

Та ямар нэг хор шар, ов мэхийг таягдан хаяж, атаархлыг бүр мартаж, тэрүүхэндээ, өөр дотроо шинээр төрөх нь дээр гэж би эрхэм нөхөр танаа аминчлан зөвлөх байна. Элдвийн муу сэтгэгдлийг хадгалах хэрэггүй. Хог новшоо цэвэрлээд хээр аваачиж хаядаг шиг тэдгээрээс салах ёстой. Хар амиа бодохын шаварт суучихаад байгаа бол хүчтэй шиг юмаар татуулж гарах нь зөв. Тэр шавраас хоршоо л таныг татаж гаргах нь оносон шийдэл бол уу. Гэхдээ хоршоог танд тулгаагүй санал болгож байгаа. Дээрээс зохион байгуулж, албадлагаар шийдвэр гаргадаг байсан үеийнхээс тэс өөр амьдралын хэв загварыг хоршоо таны өмнө тавьж байна. Хоршоонд гишүүн болж, хүн өөрөө түүн рүү очиж байгаа гэдэгт гол агуулга нь оршино. Энэ бол буцаж онгойдог хаалга бөгөөд дуртай цагтаа хоршооноос гарч болно.

Хоршоо эцсийн дүндээ хүнд амьдралын ямар шинэ хэв загварыг өгөх вэ гэвэл, хүмүүс бие биедээ ойртох, тэднийг өөр хоорондоос нь холдуулж байсан аминчхан, явцуу үзлийн гүн ангалыг үгүй болгоно. Эдгээр нь тэгэхдээ хоршооны гишүүн болсны маргааш л шийдвэрлэгдчих зүйл биш ээ. Тийм болохоор хоёрдугаарт, шинэ жолоодлого хэрэгтэй. Энэ нь олон улсын хоршооллын үндсэн зарчмын хэлээр бол “Гишүүдийн ардчилсан хяналт” билээ. Гишүүд бие биедээ итгэж хоршоо байгуулсан болохоор тэрхүү аж ахуйн нэгжээ өөрсдийнхөө хяналт, сахилгажуулалтын дор ажиллуулах учиртай. Хоршоо зөв шударгаар явахад жолоо цулбуургүй дураараа байдал хамгийн их хортой билээ. “Хайртай морио хазаартай нь усал” гэж Монгол хүн ярьдаг. Хоршоо хэрэгцээтэй, хүмүүс бие биеэ дэмжих чин сэтгэлтэй байгаа тусмаа нэг нь нөгөөгөө сахилгажуулах нь чухал. Бүх гишүүний хурал бүхнийг шийдвэрлэдэг, гишүүд дотроо ямар нэг ялгаварлалгүй, нэг нэгэндээ захирагддаг, хэн нэг нь дандаа хоршоо даргаар ажиллаж, хэтрүүлэн эзэгнэж ноёлдоггүй, хяналттай ажиллах нь шинэ маягийн хоршоо мөн эсэхийг илтгэдэг. Сонгох, сонгогдох нь ардчилсан хяналт мөн. Хөгжсөн зарим орон, тухайлбал ХБНГУ-д хоршоо дампуурдаггүй гэдэг. Хоршоо бол хүмүүс даруу төвшин амьдрах сургууль. Энэ нь хяналт сахилгажуулалтын өгөөж юм. Ой дотор элдэв зүйл хийхэд тохирсон модод байдаг. Түүн шиг хоршооны гишүүн байхад тохирох хүн гэж бий. Эзэмшсэн өмч, эзэмшсэн ёс суртахуун нь түүнийг тодорхойлно. Хоршооны гишүүн хүн хоршооны тухай хуулийг зөрчих нь цаанаа ёс суртахууны хохиролтой билээ. Жишээлбэл, хоршооны гишүүн та хяналтын зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхгүй байгаа бол, бүх гишүүний хуралд ирж саналаа өгөхгүй байгаа бол өөрийгөө өрөөл бусдад зориулж чаддаггүй, хүн хүндэтгэдэггүй, уриалгахан бус нэгэн юм байна.

Дараахь нэг зүйл нь хоршооны гишүүн таныг бусдаас илт ялгаатай болгож байна. Юу гэвэл, зарим нь хөрөнгөө дангаар нь тусгаарлан компани ажиллуулж, зарим нь яахаа мэдэхгүй амиа аргацааж байхад та өмчөөсөө хувь хөрөнгө тасдаж хоршоонд нийлүүлсэн билээ. Олон улсын хоршооллын үндсэн зарчмын гуравдугаарт үүнийг авч үзжээ. Ямар ч хуульд таны нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээг заагаагүй явдал анхаарал татах ёстой. Сонсвол, нэг гишүүнээс хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ хоршооны нийт хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байхыг олон улсын хэмжээнд зөвлөдөг гэлцэнэ. Харин үүн дээр нэг зүйлийг нэмж яримаар байна. Хоршоо нь таны өрх гэрийн аж ахуй буюу монголын малчдын 86 хувийг эзэлдэг 200 орчим толгой малтай айлыг дэмжиж хэрэгтэй цагт үүрч, чирч, миний зүйрлэлээр бол шаварт суусан машиныг татаж гаргах трактор байгууштай. Ачаатай машин шаварт суучихаад байхад ганц үхэр хөтөлж ирээд хэчнээн зүтгүүлэн татуулавч нэмэр болох уу?! Шаварт суусан машинаа татаж гаргах трактор худалдаж авах мөнгө хүрэхгүй, оронд нь ганц муу үхэр худалдаж авсан бол зорилго биелэхгүй нь тодорхой. Ийм учраас та хэтэрхий бага хувь хөрөнгө нийлүүлж, хоршооны гишүүнээр элсэх аваас ач холбогдол алга байна. Ямар хэмжээний хувь хөрөнгө нийлүүлбэл зохихыг амьдрал хэлж өгнө. Өөрийн хувийн үзэмжээр асуудлыг шийдэх бус, амьдралын хэлэхийг сонсч байж хувь хөрөнгөө нийлүүлэхийг чухалчлан хүсье.

Эцэст нь хэлэхэд, хоршоо бие даасан байдалтай, өөрөө өөрийгөө тэтгэх байгууллага гэж олон улс тунхаглажээ. Хоршоо бол нэг талаас хууль зүйн бүртгэлтэй, нэртэй, тамгатай, ер нь нүдэнд үзэгддэг аж ахуйн нэгж, нөгөө талаас бие биедээ итгэсэн хүмүүсийн өөрөө өөрсдийгөө тэтгэх санаа зорилготой, нүдэнд үл үзэгдэх холбоо сүлбээ юм. Тийм үл үзэгдэх чанар нь байхгүй бол хоршоо оршин тогтнож чаддаггүй юм билээ. Доголон хүнд таяг тус болохын адилаар гишүүдээ дэмжихдээ хоршоо бие даасан байдлаа хадгалах ёстой. Хүнийг зожгирч хохирохоос хамгаалагч хоршоо өөрөө бусад хоршооноос зожигрон тасарч болохгүй. Үүнийг хоршоо хоорондын хамтын ажиллагааны зарчмаар тунхагласан нь Монголд нэн чухал юм.

Монголын үндэсний радиогийн “Тэнгэрийн бошго-хоршооллын дуу хоолой” нэвтрүүлгээр түгдэг хоршооны ойлголт мэдлэг нь энгийн бөгөөд ойлгомжтой байдаг. Мэдлэг амьдралд ойрхон тусмаа тийм байдаг бололтой. Ер нь эгэл амьдралаас хол мэдлэг бол хүн худалдаж авдаггүй бараатай ижил юм. Шинэ маягийн хоршоог Монголын нийгмийн амьдрал янз янзаар хүлээн авсаар байгаа нь энэ “бараа” эрэлт хэрэгцээтэй болохыг нотлон харуулж байна. Гэхдээ хоршоо бол тайлбарлуулж байж борлогддог бүтээгдэхүүн юм.
Т.Бямбадорж (Монголын үндэсний радиогийн эдийн засгийн тоймч)
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2003.09.24)