Монголын ирээдүйн мал аж ахуй Dienstag, 19. Februar 2008

Сүүлийн жилүүдэд Монголын мал аж ахуйн үүрэг болон ирээдүйн төлөв байдлын талаар анхаарал татахуйц хэлэлцүүлэг олонтаа явагдсан бөгөөд үүний үр дүнд олон ургальч санал бодлууд гарсан билээ. Зарим хүн уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйгаа хэвээр хадгалан эрхлэхийг дэмжиж байхад хөгжлийн асуудлаарх зөвлөгөө өгөгч мэргэжилтнүүд малчид зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд оршин тогтнохын тулд мал аж ахуйг бизнес хэмээн ойлгож үзэх хэрэгтэй гэж байлаа. Гэтэл бас зарим нь өргөн уудам нутгийг хамарсан нүүдлийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж, илүү эрчимжсэн хэлбэрт оруулах нь зүйтэй хэмээн ярьцгаадаг. Мөн Монголын нүүдлийн мал аж ахуй арваас арван таван жилийн дараа гэхэд устан үгүй болох ба хүмүүс мал аж ахуй эрхлэхээ больж суурин хэлбэрт шилжицгээнэ гэх хүмүүс ч таарч байлаа.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын мал аж ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэхүү хувьсал, өөрчлөлт Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хөлөө олох гэж тэмцэж байгаатай уялдан цаашид улам бүр хурдсах нь ойлгомжтой. Ирээдүйд мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн талаар хийгдсэн саяхны өөрчлөлт, түүнтэй холбоотой шийдэгдээгүй олон асуудал болон тодорхойгүй байдлаас үл хамааран бэлчээрт суурилсан мал аж ахуй нь Монголын хувьд хамгийн тохиромжтой хувилбар байж болох юм.

Бид яагаад бэлчээрт суурилсан мал аж ахуйн талаар ийм итгэлтэй байна вэ? Нэгдүгээрт, Монгол орны газар нутгийн 80 хувь нь бэлчээр бөгөөд энэ нь мал өсгөж, үржүүлэхэд тохиромжтой экологийн олон төрөл зүйлийн тогтолцоо бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох хэмжээ юм. Бэлчээрийн талхлагдалт болон байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах явдал нь анхаарал татах болсон хэдий ч, хэрвээ зөв зохистой ашиглаж чадвал Монгол орны өргөн уудам бэлчээр нутаг нь бэлчээрт суурилсан мал аж ахуйн дахин сэргээгдэх арвин их нөөц, бааз болж болох юм.

Хоёрдугаарт, Монголчууд таван хошуу мал өсгөж ирсэн урт удаан хугацааны уламжлалтай билээ. Үүнтэй уялдан мал маллагаа болон бэлчээр, байгаль орчны талаар асар их мэдлэг, туршлагыг олон зууны туршид хуримтлуулсан билээ. Харин малчид, хөгжлийн байгууллагын мэргэжилтэн мөн бодлого боловсруулагчид тэр их мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны шинэ соргог ололт амжилтуудтай хослуулан ашиглаж мал аж ахуй болон бэлчээрийн менежментийн талаар илүү сайн шийдвэр гаргах боломжтой. Малчин Монголчуудын олон жилийн туршлагын үр дүнд орон нутгийн хүрээлэн буй орчны нөхцөл байдалд маш сайн зохицсон мал аж ахуйн олон стратеги, арга туршлагууд боловсруулагдсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоог хүртэл ашиглагдсаар байгаа билээ.

Гуравдугаарт, Монголчууд хот айл, нэг нутгийнхан, нэг жалгынхан гэх мэт уламжлалт зохион байгуулалтын хэлбэрүүдэд хуваагддаг бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь үр ашгаа өгдөг байна. Тэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үеийнх шигээ дахин хамтран ажиллах болсон ба өмнөхөөсөө ялгарах зүйл нь гэвэл малчдын идэвхи, чармайлт нэмэгдсэн байлаа. Ингэж уламжлалт зохион байгуулалтандаа орсноор малчид шинэ бас илүү эрч хүчтэй байгууллагыг бий болгож, улмаар бэлчээр нутгийн эзэмшил, хөдөлмөр, зээл, үйлдвэрлэлийн орц (мал эмнэлгийн эм тарилга, туулга, нэмэгдэл тэжээл, тоног төхөөрөмж, технологи, мэдээлэл), маркетинг зэрэгт анхаарал хандуулан ажиллахад нь үнэлж баршгүй бааз суурь болж өгдөг.

Дөрөвдүгээрт, Монголчууд нь өндөр боловсролтой, хөдөлмөрч бас шинэ санаа, дэвшилтэт технологийг хүлээн авч, дасан зохицохдоо сайн. Боломж бололцоо нь бүрдсэн тохиолдолд Монголчууд орон нутгаа хөгжүүлэх, бэлчээрийн менежмент болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн үзүүрээс шүүрэн авахад хэзээд бэлэн байдаг билээ. Тухайлбал, Монгол орон даяар, бэлчээрийг сайжруулахтай холбоотой оролцооны арга барилыг өргөнөөр ашиглах болсон бөгөөд энэ нь орон нутгийн малчдын санаачилгыг дэмжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, ашиг орлого өсч, хүн ам нэмэгдэж, Монгол болон түүнтэй хөрш зэргэлдээ орших улс, орнуудад хотжилт хүрээгээ тэлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт огцом өсөх болсон ба улмаар “Мал аж ахуйн хувьсгал” хэмээн нэрлэгдэж болох санаачилгийн үндэс суурийг тавьсан юм. Энэхүү хувьсгал нь мах, арьс шир, сүү гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтээс ашиг тус хүртэх боломжийг Монголчуудад олгож байгаа юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Ази тивийн махны хэрэглээ хамгийн хурдацтай өсч байгаа ба өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улсын махны хэрэглээ хоёр дахин өссөн байна. Хятад, Япон, Солонгос зэрэг улсууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох Монгол үхэр, хонины махыг эрүүл мэнд, ариун цэврийн хувьд баталгаажуулан зах зээлд гаргах боломжтой (АНУ- д үхрийн галзуу өвчин гарахаас өмнө энэ зах зээлийг бий болгоогүй нь үнэхээр харамсалтай!) юм. Бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсад ядуурлыг бууруулж, эдийн засгийг цэцэглүүлэх онц чухал хөшүүрэг болж болох бөгөөд ялангуяа, анхан шатны мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд нэмүү өртөг нэмж чадах юм бол энэ ажил бүр ч амжилттай болно. Мал аж ахуйн энэхүү хувьсгалын боломжит үр ашгийг хадгалан үлдэхийн тулд одоо байгаагаас илүү сайн зохион байгуулалт, технологи, бодлого шаардлагатай.

Монголын мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг боловсрол, аливаад дасан зохицох чадвар, мал өсгөн үржүүлэх асар их нөөц, нөөцийн менежментийн үр ашигтай байдлыг хянан, шалгах тогтолцоог бий болгож, улмаар амьдралд ашиглах хэрэгцээг болон Азийн цээжинд орших Монгол орны газар зүйн байршил зэргийг харгалзан үзэхэд Монгол Улсад экологи болон эдийн засгийн хувьд тохиромжтойгоор мал аж ахуйг эрхлэх бүрэн боломж байна. Ийм тогтолцоонд хүрэхийн тулд мал аж ахуйн амжилттай үйлдвэрлэлийн хамгийн чухал шалгуур үзүүлэлт болох малын тоо толгой, малаас гарах түүхий эдийн чанарын талаарх өнөөгийн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд хоёр гол зүйлийг бий болгож, ирээдүйд мал аж ахуйг дэмжих үүднээс ашиглах нь зүйтэй.

Мал аж ахуйг амжилттай эрхлэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйлийн нэг бол малын өдөр тутмын, улирлын мөн жилийн тэжээлийн зохистой хангамж юм. Тэжээллэгийг бэлчээрийн ургамал, нэмэгдэл тэжээл, өвснөөс авах эсэх нь онц чухал зүйл биш юм. Юу чухал вэ гэвэл, байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулах, малын ашиг шимийг хамгийн өндөр хэмжээнд хүргэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулахад шаардлагатай тэжээлийн нөөцтэй байх явдал юм. Малын тэжээллэгийг нэмэгдүүлснээс гарах ашиг тусыг улам өндөр болгохын тулд малын үүлдэр угсааг сайжруулах, Монгол орны нөхцөл байдал дасан зохицох чадвартай, өндөр ашиг шим бүхий малтай эрлийзжүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Дараагийн нэг чухал зүйл гэвэл зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх асуудал бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц бүрэлдэн тогтоогүй байна. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсад дэд бүтэц ор тас байхгүй биш ч гэсэн хангалттай хэмжээний газар нутгийг хамарч чадаагүй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй байгаль орчны болон нийгэм эдийн засагтай холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад туслах хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа юм. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц нь хэрэгцээ, шаардлагатай буюу зах зээлийн эрэлтэд хариу үзүүлэх, ялангуяа, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангахын тулд малчдыг үйлдвэрлэлийн орцыг олж авах боломжоор хангах ёстой юм. Түүнчлэн, зах зээл нь мал аж ахуйн гаралтай их хэмжээний өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчныг урамшуулдаг байх нь зохистой. Мөн зах зээлийн эдийн засагт сайн чанарын бүтээгдэхүүнийг чанар муутайгаас нь ялгаж, салгадаг түүнчлэн чанар сайтай бараа, бүтээгдэхүүнд өндөр үнэ төлдөг тогтолцоо бүрэлдсэн байх ёстой. Хэрэв ямар нэг урамшуулал үгүй бол малчид маань юуны төлөө малын гаралтай түүхий эд болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэлийн орцыг нэмэгдүүлэх вэ? Бас мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцыг олж авах боломж болон маркетингийн хэрэгцээг хянаж байх дэмжигч дэд бүтэц байх шаардлагатай (Хүснэгтээс үзнэ үү).



Нэмэгдэл тэжээллэгийн үр ашигтай хэрэглээг харахын тулд тохиромжтой, хангалттай тэжээлтэй байх нь мал аж ахуйн шинэ үйлдвэрлэлд нэн чухал юм. Үйлдвэрлэлийн орцыг олж авах, үйлдвэрлэгчийн боломж болон өндөр чанар бүхий барааны өрсөлдөөнт зах зээлийг бий болгон хөгжүүлэх хэрэгтэйг анхааралдаа авах шаардлагатай. Хэрвээ мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол орны хөгжлийн явцад боломжийн бизнес гэдэг нь харагдвал энэ нь хувь хүний хичээл зүтгэл, удирдлагын арга барил болон хөдөлмөрч чанарын үр дүнтэй холбоотой нь ойлгомжтой бөгөөд эдгээрийг дэмжин урамшуулах хэрэгтэй юм.

Малын бэлчээр, зэрлэг ан амьтдын нутаг, эсвэл аялал жуулчлалын гэх мэт ямар ч зориулалтаар ашиглагддаг бай бэлчээр нутгийг хайрлан, хамгаалах нь Монгол орны урт хугацааны хөгжилтэй салшгүй холбоотой юм. Зэрлэг ан, гөрөөсний адилаар малд ч гэсэн цэнгэг ус, шимт ургамал шаардлагатай. Аялал жуулчлалд ч гэсэн ялгаагүй цэнгэг тунгалаг сайхан ус, цэвэр бас тэжээллэг өвс ургамалтай байж гадна дотныхны нүдийг хужирлах нь ойлгомжтой. Бэлчээр нутгийг Монголын уламжлалт мал аж ахуй болон түүний гол хүчин зүйлүүдтэй уялдуулан хамгаалах нь зах зээлийн эдийн засгийн үед нэн чухал юм.

Монголд бэлчээрт суурилсан мал аж ахуй оршин тогтнох болов уу? Бидний итгэж байгаагаар хариулт нь тийм. Гэхдээ ингэж зоригтой хэлэхийн өмнө зарим нэг зүйлийг хийх хэрэгтэй. Нэгд, экологийн хувьд тохиромжтой байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрт, малчид ажилдаа бизнес арга барилаар хандаж, зардлаа бууруулж, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ зах зээлийн шударга үнээр борлуулах хэрэгтэй. Гуравдугаарт, малчид олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж, мал аж ахуйгаа дэмжих шинэ бизнесийн үйл ажиллагааг эхлэх нь зүйтэй. Дөрөвт, Монголын ард түмэнд болон гадаадынханд Монголын бэлчээрийн менежмент сайжирснаар гарч болох үр дүн, тэдэнд ногдох давуу талын талаар мэдээлж байх шаардлагатай юм.

Зохиогчид: Даниел Миллер Хятад, Непал, Монгол зэрэг улсад бэлчээрийн мал аж ахуйгаар мэрэгшсэн, хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Вашингтон хотноо АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт ажиллаж байна.

Деннис Шийхи Хойт Америк, Монгол, Хятад улсад бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн системээр мэрэгшсэн хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан, Бэлчээрийн системийг боловсронгуй болгох олон улсын төвийн захирлын ажил эрхэлдэг.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)