Монголын бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд Dienstag, 19. Februar 2008

Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэйн зэрэгцээ хүн амын тодорхой хэсэг бэлчээрийн мал аж ахуй эрхлэн нэлээд таруу байршин нутагладаг онцлогтой Монгол Улсад бүс нутгуудын хөгжлийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай билээ.

Бүс нутгуудын хөгжлийн асуудлуудыг тодорхойлохдоо Монгол Улсын Их Хурал 2001 оны 6 дугаар сард баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тусгасан Баруун (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг), Хангайн (Архангай, Булган, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг), Төвийн (Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймаг), Зүүн (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг) гэсэн 4 бүсийн схемийг ашиглав (Зураг 1).

Нийгмийн хөгжлийн асуудлууд

Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд манай эдийн засгийн бүсүүдэд ихээхэн буурч байна (Зураг 2).

Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт гурван хувь байхад Баруун, Зүүн бүсэд энэ үзүүлэлт зөвхөн 0,2 хувь, Төвийн бүсэд 0,4 хувь, Хангайн бүсэд 1,3 хувь байв. Энэ хугацаанд манай улсын нийт хүн амын жилийн дундаж өсөлт 1,4 хувь байсантай харьцуулж үзвэл Баруун, Зүүн, Хангайн, Төвийн бүсэд энэ үзүүлэлт улсын дунджаас үлэмж бага байгаа нь тодорхой байна. Хэрэв энэ хугацаанд хүн амын ердийн цэвэр өсөлт улсын хэмжээнд бараг 2 дахин буурсны дотор Улаанбаатар хотод 59,2 хувиар, Хангайн бүсэд 52,2 хувиар, Зүүн бүсэд 51 хувиар, Төвийн бүсэд 50,5 хувиар, Баруун бүсэд 32,6 хувиар тус тус буурсныг тооцвол Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр (гурван хувь) байхад нөлөөлсөн гол хүчин зүйл нь шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй механик өсөлт мөн гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгуудаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн хэт өндөр, хэвийн бус байна.

Бүс нутгуудын хооронд ажилгүйдлийн түвшний ялгаа их байна. Жишээлбэл, ажилгүйдлийн түвшин Хангайн бүсэд Төвийн бүсийн энэ үзүүлэлтээс 34.0 хувиар, Баруун бүсийн энэ үзүүлэлтээс 6.4 хувиар, Зүүн бүсийн энэ үзүүлэлтээс 4.3 хувиар, Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс 57.4 хувиар, улсын дунджаас 27.7 хувиар өндөр байна. Мөн ажилгүйдлийн түвшин улсын дунджаас Зүүн бүсэд 32.4 хувиар, Баруун бүсэд 29.4 хувиар өндөр байгаа юм. Үүний зэрэгцээ манай эдийн засгийн 4 макро бүс тус бүрийн ажилгүйдлийн түвшин Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс нэлээд өндөр байна (Зураг 3)
Эл байдал нь бүс нутгуудад ядуурал өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Амьжиргааны түвшний түүвэр судалгаанаас (1998 он) үзэхэд манай улсад 1998 оны байдлаар 849,8 мянган ядуу хүн байсны 221,6 мянга буюу 25,7хувь нь Улаанбаатар хотод, 271,8 мянга буюу 31,5 хувь нь аймгийн төв, томоохон суурин газруудад, 369,9 мянга буюу 42,8 хувь нь хөдөөд ногдож байна гэсэн дүн гарчээ. (Зураг 4) Эндээс тус улсын нийт ядуу хүн амын 70 гаруй хувь нь Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүсэд, өөрөөр хэлбэл эдийн засгийн 4 макро бүсэд ногдож байна гэсэн дүгнэлтийг хийж болно. Үүний дээр 1995 онтой харьцуулахад 1998 онд ядуу хүн амын хамралтын хүрээ Улаанбаатар хотод буурч, бусад хот суурин газарт (аймгуудын төв г.м) өссөн болон 2000 онд явуулсан “Амьжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлэх” судалгаанд оролцогчид “Хөдөө орон нутгийн бараг бүх газарт дундаж түвшний өрхүүд ядуурлаас гарах бус харин түүнд өртөгдөн, ядуу болон нэн ядуу өрхийн тоог нэмэгдүүлж байгаа” гэж үзсэнээс харахад бүс нутгуудын түвшинд ядуурлыг бууруулах шаардлага их байгаа нь тодорхой харагдана.

Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар ч бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байгаа юм. Зөвхөн нэг жишээ татахад Улаанбаатар, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул зэрэг аймаг, хотод нэг их эмчид ногдож байгаа хүний тоо харьцангуй цөөн байхад Завхан, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгуудад харьцангуй олон байна. Завхан аймагт нэг их эмчид ногдож байгаа хүний тоо Улаанбаатарынхаас бараг 4 дахин олон байгаа юм. Хүн амын хүнс, тэжээлийн хангамж, хүнсний аюулгүй байдлын түвшин ч аймаг, хот, бүс нутгуудаар багагүй ялгаатай байна.

Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар ч аймаг, хот, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Ялангуяа ерөнхий боловсролын системийн хөгжлийн түвшин аймаг, хот, бүс нутгуудаар багагүй ялгаатай байгаа юм. Төвөөс алслагдсан сул хөгжилтэй бүс нутгуудад дунд сургуулиудын хичээлийн байр цөөнгүй тохиолдолд шаардлага хангахгүй болсон байна. Эдгээр бүс нутагт багшлах боловсон хүчний чанар, хангамж ч харьцангуй доогуур түвшинд байна. Мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанар ч аймаг, хот, бүс нутгуудын хувьд харилцан адилгүй байна. Аймаг, сумдад мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмжийг ихээхэн сайжруулах хэрэгтэй байна.

Дээр дурдсан жишээнээс үзэхэд, өнөөгийн Монгол Улсад ажилгүйдлийн түвшин, орлого, орон сууцны нөхцөл, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанар зэрэг хүн амын амьдралын түвшинг илэрхийлж байдаг гол үзүүлэлтүүд аймаг, хот, бүс нутгуудаар хэт их ялгаатай болжээ. Иймд хүн амын амьдралын түвшинг аймаг, бүс нутгуудын хөгжлийн нөөц боломж, өвөрмөц нөхцөл байдалд нь нийцүүлэн дээшлүүлэх нь Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

Эдийн засгийн хөгжлийн асуудлууд

Бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Юуны өмнө эдийн засгийн бүтцийн хувьд бүс нутгууд харьцангуй доогуур түвшинд байгаа юм. 2002 оны байдлаар эдийн засгийн 4 макро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ойролцоогоор 40.6-63.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 2.8-34.6 хувь нь үйлдвэр, барилгын салбарт, 24.4-39.6 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт тус тус ногдож байна. (Зураг 5) Хөдөө аж ахуйн салбарт байгалиас хараат бэлчээрийн мал аж ахуй тэргүүлэх үүрэгтэй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг тооцвол бүс нутгуудын эдийн засгийн бүтэц оновчтой биш байгаа юм. Иймд макро бүсүүдийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, улмаар экосистемийн тэнцвэрт байдалд зохицсон, эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох шаардлагатай байна.

Аж үйлдвэрийн хөгжлийн түвшин, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Энэ нь манай улсын боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бүс нутгуудын оруулж байгаа хувь нэмрээс тодорхой харагддаг. 2002 оны байдлаар боловсруулах үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 77.3 хувь нь Улаанбаатар хотод, 12.2 хувь нь Төвийн бүсэд, 7.7 хувь нь Хангайн бүсэд, 1,8 хувь нь Баруун бүсэд, 1.0 хувь нь Зүүн бүсэд тус тус ногдож байна.

Үйлдвэрлэлийн дэд бүтэц (төрөл бүрийн зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ г.м)-ийн хөгжлийн түвшний ялгаа мөн их байна. Жишээ болгон төрөл бүрийн замын сүлжээний хангамжийг аймаг, бүс нутгуудаар авч үзье.

Хүснэгт 1

Төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн үнэлгээ, эдийн засгийн бүсүүдээр

Бүсийн нэр Үзүүлэлт (Коэффициент
Баруун 0,13
Хангайн 0,88
Төвийн 1,60
Зүүн 0,63

Төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн хувьд Завхан, Баян-Өлгий зэрэг аймагт энэ үзүүлэлт Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхаас олон дахин доогуур байгаа юм. Манай олонхи аймгуудад сайн чанарын замын сүлжээ бүрдээгүй байгаа нь тээвэрлэлтийн зардлыг өсгөж тэдгээрт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихөд ихээхэн саад болж байна.

Эрчим хүчний сүлжээний хангамжийн байдал ч аймаг, хот, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Ялангуяа Баруун, Зүүн бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох шаардлага гарч байна. Нөгөө талаар манай ихэнхи аймгуудын нийт өрхийн ойролцоогоор 50 хувийг эзэлдэг малчин өрхийг эрчим хүчний бага оврын эх үүсвэрийг ашиглан цахилгаанаар хангах шаардлага их байна.

Дээр дурдсан шалтгаанаар, эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшин аймаг, хот, бүс нутгаар ихээхэн ялгаатай байгааг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) ялгаанаас харж болно. Нэг хүнд ногдох ДНБ Орхон аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа бөгөөд Баянхонгор аймгийн энэ үзүүлэлтээс 5.1-6.6 дахин их байна. Эдийн засгийн бүсүүдийн хувьд авч үзвэл энэ үзүүлэлт бас их ялгаатай байгаа юм. (Зураг 6)

Жишээлбэл, Баруун бүсийн нэг хүнд ногдох ДНБ Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс 3.6 дахин бага, Хангайн бүсийн энэ үзүүлэлтээс 1,7 дахин бага, улсын дунджаас 2.2 дахин бага байгаа юм. Зүүн бүсийн нэг хүнд ногдох ДНБ баруун бүсийнхээс 1.4 дахин их байгаа боловч улсын дунджаас 1.5 дахин бага байгаа аж .

Үүнээс үзэхэд аймаг, хот, бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх явдал Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болсон нь тодорхой байна.

Нэг хүнд ногдох ДНБ, боловсролын байдал, хүн амын дундаж наслалт, ажилгүйдлийн түвшин, эрчим хүчний хангамж, төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн коэффициент, хүний хөгжлийн индекс зэрэг шалгуур үзүүлэлтийг тооцон аймаг, хот, бүсүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний нэгдсэн үнэлгээг хийж үзэхэд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн хөгжлийн ерөнхий түвшин Улаанбаатар хот, Орхон аймгийнхаас ойролцоогоор 9 дахин, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхаас 3-4 дахин доогуур байна. Булган, Дундговь, Дорнод аймгийн хөгжлийн ерөнхий түвшин Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийнхаас дунджаар 2 дахин дээгүүр, харин Улаанбаатар хот, Орхон аймгийн энэ үзүүлэлтээс 4 дахин доогуур байх жишээтэй. Эдийн засгийн бүсүүдийн хооронд ч хөгжлийн ерөнхий түвшний ялгаа их байгаа юм.

Хүснэгт 2

Эдийн засгийн макро бүсүүдийн хөгжлийн түвшний харьцуулсан үнэлгээ

Бүсийн нэр Үнэлгээний коэффициент
Баруун 1,00
Зүүн 1,50
Хангайн 2,40
Төвийн 2,80
Улаанбаатар 7,50

Монгол Улсад нийгмийн хөгжлийн хүрээнд ч, эдийн засгийн хөгжлийн хүрээнд ч аймаг, хот, бүс нутгууд хооронд ихээхэн ялгаатай байгаа нь Улаанбаатар болон Төвийн бүс рүү чиглэсэн “их нүүдэл” өргөжиж, улмаар манай улсын төв хэсэг, Улаанбаатар хотын ойролцоо бэлчээрийн даац хэтрэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, бусад бүс нутагт хүн ам хэт цөөрч нутаг орон эзгүйрэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм. (Зураг 7)

Судалгаанаас үзэхэд эдийн засгийн макро бүсүүдээс шилжин явж байгаа хүмүүсийн үндсэн шалтгаан нь ажил эрхлэх, зах зээлд ойртох, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох, боловсрол эзэмших нөхцлөө сайжруулах зэрэг асуудал юм. Макро бүсүүдээс шилжин явагчдын насны бүтцийг авч үзвэл 15-25 насныхан зонхилж байна. Зөвхөн Увс аймгаас нэг жил (1998 он)-ийн дотор 641 өрх, 3615 хүн Төвийн бүс рүү шилжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл нэг сумын хүн амтай тэнцэх тооны хүн шилжин иржээ.

Байгалийн нөхцөл, нөөцийн ашиглалт, хамгаалал

Өнөөгийн Монгол Улсад экосистемийн тэнцвэрт байдлын алдагдал ч улам бүр бүс нутгийн шинж чанартай болж байна. Энэ нь юуны өмнө бүс нутгуудын хооронд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа ихсэж зарим хот, бүс нутгуудад хүн, мал, үйлдвэрлэл хэт бөөгнөрч байгаатай холбоотой юм. Сүүлийн үед Төвийн бүс нутагт хүн, мал хэт бөөгнөрөн нутаг дэвсгэрийн даац, ачаалал хэтэрч, экологийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдах болов. Түүнчлэн зарим бүс нутагт ашигт малтмал олборлолт өсч, мал сүргийн бүтэц алдагдаж, бэлчээр ашиглалтад бий болсон гажуудалтай холбоотойгоор экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Экосистемийн тэнцвэрт байдлын алдагдал нь ус, агаарын бохирдол, хөрсний эвдрэл, бэлчээрийн даац хэтрэлт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөн дор бий болсон цөлжилтийн үйл явц зэргээр илэрч байна. Судлаачдын үзэж байгаагаар манай орны төв хэсэгт, томоохон хотуудын ойр орчимд гадаргын болон гүний усны бохирдол ихсэх хандлагатай болж байна. Ялангуяа, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг хотуудын орчимд Туул, Хараа, Орхон, Хангал голуудын урсац багасч, усны нөөц бохирдож, эрдэсжилтийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс байнга давах болов. Газар тариалангийн гол бүс–Орхон-Сэлэнгийн сав нутагт нийт эргэлтийн талбайн 90 орчим хувийг хамруулан явуулсан судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан тариалангийн талбайн 47хувь ямар нэгэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд орсноос 13 хувь нь хүчтэй, 28 хувь нь дунд зэрэг эвдэрсэн аж. Ер нь тариалангийн талбайн хөрсний эвдрэлийн 90 орчим хувь нь Төв (36 хувь), Архангай (14 хувь), Булган (13 хувь), Сүхбаатар (13 хувь), Сэлэнгэ (12 хувь) зэрэг аймагт ногдож байна.

Бэлчээрийн даац ашиглалтад гарсан гажуудлаас үүдэн манай орны янз бүрийн бүс нутагт бэлчээр ихээхэн талхлагдах болсон байна. Одоогийн байдлаар нийт 9 сая орчим га бэлчээр маш ихээр талхлагджээ.

Сүүлийн жилүүдэд манай бараг бүх аймагт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын хэмжээ өссөнтэй холбогдож, хөрс эвдэрч, ургамал нөмрөг муудах хандлагатай болов. Жилд дунджаар 300-600 мянган шоо метр хөрс хуулж байна. Манай улсын нутаг дэвсгэрийн өмнөд хагаст төдийгүй нийт нутагт цөлжих үйл явц эрчимжих хандлагатай болжээ. Биологийн зарим төрөл зүйл зарим бүс нутагт устаж алга болох аюул ч нүүрлэж байна.

Зохиогч: Л.Цэдэндамба нь “Бүс нутгийн хөгжлийн судалгаа сургалтын төв”-ийн тэргүүн, Монголын Хөгжлийн Институтын Эрдэмтэн нарийн бичгийн дарга болно
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.11)