Рапс руу хошуурсны гай гарах вий Dienstag, 19. Februar 2008

(Өнөөдөр сонин 2007.06.26)
И.ОТГОНЖАРГАЛ

Рапс буюу тосны ургамлын тариалан Монголд сүүлийн хоёр,гуравхан жилийн дотор эрчимжиж байгаа юм. Энэ жил бүр ч ихээр тариалж байна, монголчууд. Та бод доо. Өнгөрсөн жил дээрх таримлыг нийт 14 мянган га-д тариалж 12.3 мянган тонн ургац хураан авсан. Энэ онд 15 мянган га-д тариална гэсэн урьдчилсан тооцоог ХХААЯ-ны холбогдох албаныхан хаврын тариалалтын үеэр гаргасан. Гэтэл тариалалтын явцад рапс тариалах талбайн хэмжээ мэргэжилтнүүдийн тооцооноос бараг хоёр, гурав дахин өсөв.

Зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд л улсын хэмжээнд тариална гэж таамаглаж байсан хэмжээнийхийг буюу 15 мянган га-д тариалжээ. Тариалалтын эцсийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа ч улсын хэмжээнд тарьсан рапсын хэмжээ 36 мянга га-д хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад даруй 30 гаруй мянган га-гаар илүү байгаа юм.Үнэхээр огцом өсөлт байгаа биз. Энэ байдлыг ажиглаж суугаа газар тариалан мэддэг битгий хэл, муухан гадарладаг хүнд ч эрчимтэй нэмэгдэж буй тосны ургамлын тариалангийн эцсийн дүнд юу болох бол оо гэсэн бодол төрөхөөр.

Рапсыг хоёр жилийн өмнөөс анх хятадууд манай газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт түлхүү тариалж эхэлсэн бол өнгөрсөн жил Булган, Хэнтий рүү хүрээгээ тэлсэн. Энэ жил хаа сайгүй, хятад монголгүй тариалах болж. Газар тариалангаас тосны ургамал л ашигтай байна гэсэн сургаар мөнгө ихтэй цөөнгүй монгол хүн ахиухан талбайд рапс тариалсан сураг дуулдана лээ. Тариа, ногоогоор амь зуулгаа залгуулдаг аж ахуй эрхлэгчдээс огт өөр шинэ сонирхогч олноороо орж ирж байж л дээрх талбайн огцом өсөлт мэдрэгдэнэ шүү дээ.

Зөвхөн үрийнх нь ургац гэхэд л нэг га-гаас 8-10 центнер. Ногоон массаар нь буюу иш, навчтай нь авч үзэх юм бол га-гийн ургац нь усалгаагүй нөхцөлд 40-50 центнерт хүрдэг уг таримлаас манайхан арвин ургац авах нь мэдээж. Тэгээд ч нэг га-д орох үрийн норм нь улаан буудайтай харьцуулшгүй бага учраас өртөг хямдтай, арвин ургацтайг нь бодож монголчууд хошуураад буй. Арчилгаа тордолгоо ч бараг шаардагддаггүй гэсэн. Дээр нь хураасан ургацын зах зээл нь бэлэн. Хятадууд өнгөрсөн онд нэг тонн рапсыг 300 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байв. Гэтэл нэг тонн улаан буудай 200-230 мянган төгрөгийн л үнэтэй шүү дээ.

Улаан буудайнаас өөр тарималгүй шахам манай улсын хувьд тосны ургамлыг ийнхүү тариалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монголын газрын хөрснөө ургасан рапсыг манайхан хэрхэн ашиглаж байна вэ гэдэг дээр бодож үзэх асуудал байна. Рапс хөрсөнд азот хуримтлуулдаг буурцагт ургамлын төрөлд багтдаг ч гэлээ га-гийн ургац өндөр учраас хөрсний үржил шимийг дээд зэргээр ашигладаг байна. Нэг үгээр хэлбэл, хөрсний үржил шимийг ховх сордог гэсэн үг.

Тиймээс нэгэнт элэгдэж муудаж байгаа манай хөрсөнд их хэмжээгээр тариалах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг газар тариалангийнхан онцлон тэмдэглэдэг юм билээ. Зарим албаны мэргэжилтэн тосны ургамал хөрсөнд нэг их гэмтэй зүйл байхгүй. Харин сэлгээнд хэрэглэхэд тохиромжтой гэж тайлбарлах нь ч бий. Нэгэнт богино хугацаанд хэдэн төгрөгтэй болох зорилго агуулагчид тус таримал руу хошуураад байгаа болохоор нэг хэсэг иргэдийн орлого нэмэгдвэл сайн л биз гэдэг утгаар албаныхан хандаж байж болох юм. Нөгөө талаас энд хэн нь юугаа тариалах нь аж ахуй эрхэлж буй хувь хүний мэдэх асуудал учраас зах зээл нь бэлэн, борлуулалтын үнэ харьцангуй өндөртэй таримлыг тариалж байгаа монголчуудыг буруутгах аргагүй.

Гэхдээ монголчууд урд хөршийн ургамлын тосны түүхий эдийг их хэмжээгээр бэлтгэн нийлүүлж хөрсөө сүйдлэх хэрэг байна уу гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ. Өнөөдөр манай тариаланчдын нэг хэсэг нь рапс тариалж, мөнгө олж амьдралаа дээшлүүлж байгаа ч олонх нь тосны ургамал хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас талбайг цаашид нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ аваасай гэж санаа зовинон суудгаа Ерөнхий сайдыг энэ жил хаврын тариалалтын явцтай танилцах үеэр илэрхийлж байсан.

Уг нь рапсыг таримлын сэлгээ болгож ашиглаж болох ч одоогоор манайд түүнийг хураах зориулалтын техник, технологи байхгүй учраас нийт ургацын 20 хувь нь газрын хөрсөнд үлддэг байна. Нэгэнт рапс тариалсан хөрс 4-5 жилд цэвэрлэгддэггүй учраас тэжээлийн ургамлаас өөр таримал тарьж болдоггүй аж. Хятадууд зөвхөн үрийг нь авч байгаа бөгөөд иш, үндэс зэргийг нь малын тэжээлийн зориулалтаар ашиглаж болох ч манайхан түүнийг төдийлөн хэрэглэж чадахгүй байна. Монгол хөрсний үржил шимтэй бүхнээр тэжээгдэн ургасан тосны ургамал зуун хувь урд хөрш рүү гардаг. Өнгөрсөн жил 10 гаруй мянган тонн ургац хурааж байсан бол энэ жил талбайн хэмжээ нь 2-3 дахин нэмэгдсэн болохоор урагшаа гарах ургац бүр арвин байх нь мэдээж.

Гэхдээ энэ жил тосны ургамал тариалсан хүмүүс бага зэргийн азгүйтэж магадгүй гэсэн яриа байгааг дуулгая. Учир нь Монголын тосны ургамлын талбай хэд дахин нэмэгдсэн болохоор зах зээлийн үнийг тогтоож авдаг хятадууд өмнөх жилийнхээс харьцангуй хямд үнэ хэлж магадгүй гэсэн болгоомжлол учир мэдэх хүмүүст хэдийнэ төржээ. Нэгэнт монголчууд хошуурч, их хэмжээгээр тариалсан болохоор хятадууд худалдаж авах үнээ навс унагахгүй гэсэн баталгаа байхгүй. Мэргэжилтнүүд урд хөршийнхний манайхаас рапсыг өндөр үнээр худалдаж авч буй учрыг сайн ойлгохгүй л сууна.

Учир нь нэг тонн рапсаас 300 орчим кг тос гардаг байна. Гэтэл нэг кг ургамлын тос манай зах зээлд 1350-1450 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн рапсын дэлхийн зах зээлийн үнэ 160 ам. доллар. Эндээс харахад рапс дэлхийн зах зээлд өндөр үнэтэй, эрэлт нийлүүлэлт сайтай чухал таримлын тоонд ордоггүй бололтой. Хятадууд л Монголын үржил шимт хөрсийг уг тарималд дайчлах ухааныг сүвэгчилж, монголчуудыг урвуулж амжсан хэрэг.

Рапс гэж ямар таримал байдаг юм бол оо гэж Та бодож байж болох. Энэ бол тосны ургамлын нэгэн төрөл. Бахим хэрнээ өндөөр ногоон иш, нимгэхэн шар өнгийн цэцгээрээ бусад таримлаас ялгаатай.
Манай тариаланчдын хувьд рапс нь цоо шинэ таримал огт биш.1980-аад оны үед манай улс их хэмжээгээр тариалж байсан ч борлуулалтгүй учраас улсын нөөцөд мал, амьтны тэжээлийн зориулалтаар удаан хугацаанд хадгалж, үлдэгдлийг нь зах зээлийн үед Монголд бий болсон тосны жижиг үйлдвэрүүд тээрэмдэж, дуусгахын түүс болж байсан түүх бий.

2004 оноос хятадууд рапсын үр, мэргэжилтнээ Монголд авчирч, тариалж эхэлсэн. Эхэндээ хавар суулгасан үрээ боловсорч гүйцтэл нь хүлээж байгаад, намар арвин гэгч ургац аваад буцдаг байв. Талбай ашигласны түрээс болгож ургац хураах үеэр монголчуудад хэдэн төгрөг атгуулна. Түүнчлэн ургацаа хүлээн Монголд хаваржиж, зусаж байгаа хятадуудаас аливаад суралцахдаа амархан монголчууд рапс тариалах технологийг нь мэдэж авна биз дээ. Ингээд хятадууд Монголын эрүүл үржил шимт хөрсөнд тосны ургамал тариалахаар жил бүрийн хавар манайхыг зорих шаардлагагүй болж, харин намар ахиухан мөнгөтэй ирж, монголчуудын тарьсан рапсыг харьцангуй өндөр үнээр худалдаж авдаг болсон байна.

Монголд ургамлын тосны тав, зургаан ч жижиг үйлдвэр байдаг ч тэд дотооддоо түүхий эдээ худалдан авч чаддаггүй. Нэг үгээр хэлбэл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн түүхий эдээ базааж чаддаггүй эмгэнэлт хувь заяатай агаар нэг дүр төрх энд харагдаад буй юм. Мөн захиалагч, тариаланчдын дунд хавар рапсын үр зардаг, намар ургацыг нь урагшаа гаргадаг ченжүүд хэдийнэ бий болжээ.

Тосны ургамал ахиу тариалах нь хөрсөнд халтай учраас хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого тодорхойлогчид 2020 он хүртэлх газар тариаланг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд рапс буюу тосны ургамлыг тусгаагүй байна.
Монгол орныг рапсын талбай болгож, хөрсөө сүйдэлчихгүйн тулд өнөөдрийн хурдтай өргөжин тэлж буй энэ төрлийн тариалалтад анхаарал хандуулахгүй бол мөдхөн рапс руу хошуурсны гай гарах вий.