Хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсооё Dienstag, 19. Februar 2008

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.14)

“Өнөөдөр” сонин хүн амын хүнсний аюулгүй байдлыг байнгын сэдвээ болгон, онцгой анхаарал хандуулахаа зарлаж байна. Эрүүл саруул амьдарч, дэгдээхэй үрсээ дэгэж дэрвэхийг харж суух нь хорвоогийн жаргал.

Тэгвэл Монгол Улсын өрх гэр болгоны өдөр тутам хэрэглэж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар ямар байгаа бол? Эрээн мяраан баглаа боодлын цаана хоол бус, хор байгаа юм биш биз. Бидний бэлтгэсэн сурвалжлагыг уншаарай. Энэхүү эмзэг сэдвийг “Өнөөдөр” цаашид ч үргэлжлүүлэн хөндөнө.

Тэрслүү үг

“Өнөөдөр” сонин дээрх үгийг шууд утгаар нь хэлээгүй гэдгийг уншигч Та ойлгоно биз ээ. Хүнсний аюулгүй байдал өдрөөс өдөрт алдагдаж аюулын харанга дэлдэж буй учраас хүнсний бүтээгдэхүүний импортын асуудлыг хөндөхөөс аргагүй. Импорт байх нь улсын эдийн засгийн гадаад худалдаа хийгээд үндэсний үйлдвэрийн хөгжилд хэрэгтэй.

Гэвч хаа газрын хамгийн чанаргүй хоол гэхээсээ илүү хор болсон бүтээгдэхүүн манай улсын хилээр хяналт шалгалт, хориг саадгүй нэвтэрч, монголчуудын ус уух хувь тавилангаас хумсалж байгаад асуудлын гол нь байгаа хэрэг. Харьцангуй цөөн хүн амтай Монгол Улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор хангаж, хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа нь галт зэвсэг агссантай агаар нэгэн болой.

Шинэ цагт зах зээлийн эрэлт хэрэгцээ болон монгол хүний ходоод гэдэс импортын хоосон чанарт хүнсээр дүүрч багагүй хугацааг өнгөрөөж байгаа учраас эдүгээ манай улсад хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдахад хүрээд байна. Импортын татварыг уян хатан байлгах улсын бодлого бий. Гэхдээ чанаргүй хүнсний аюулаас ард түмнээ аврахын тулд хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох санаа өвөрлөв, бид.

Зах зээлд шилжиж байх үеийг бодоход манайх бас ч гэж дотооддоо цөөнгүй нэр төрлийн хүнс үйлдвэрлэдэг болчихлоо. Үйлдвэрлэлийг нь хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл ундаа, ус, талх, нарийн боовоор 2.5 сая гаруй хүн амыг хангаад байна байх шүү, дотоодынхон. Мах, төмс, давс нь хүрэлцээтэй байна. Импортыг хаачихаар хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа сүүний жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд их эрэлт хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй нь мэдээж.

Гэхдээ хүссэн үедээ биш юм аа гэхэд хөдөө гадаа яваад, хүүхэд багачуудынхаа ходоодыг хаяа нэг цайлгаад байх биз. Тэртээ тэргүй өнөөдөр импортоор төрөл бүрийн тараг, сүү орж ирж байгаа ч бид багачууддаа сүү, тараг өдөрт тогтмол уулгаж чадахгүй л байгаа шүү дээ. Байнга хэрэглээд ч хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа нь хэтэрч, чанараа алдсан эсэхийг нь мэдэхгүй юм чинь импортын цагаан идээг ахиу хэрэглэсний ач тусыг үзнэ гэж найдахад ч бэрхтэй.

Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар баталгаатай биш болохоор хоосон чанарт хүнсээр ходоодоо дүүргэж, эрүүл мэндээ хохироогоод яваад байх гэж үү. Ганган чамин сав баглаа боодлоор хуурсан импортын чанаргүй хүнсийг бид сүүлийн арав гаруй жил цатгалдталаа идэж уулаа. Хадгалалтын хугацаа нь дуусаж, тээвэрлэлтийн горим зөрчсөн чанаргүй хүнс хэрэглэж, эрүүл биеэ өвчтэй болгосон байхыг үгүйсгэх аргагүй.

Сүүлийн үед Монголд төрөл бүрийн халдварт өвчин, хортой, хоргүй хавдар нэмэгдэхийн сацуу залуужиж байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн дүгнэлт хэдийнэ гарсан. Харамсалтай нь эмч, мэргэжилтнүүд дээрх дүгнэлтийг ил хэлэхээсээ эмээж, өөр хоорондоо ярилцахаас өөрцгүй сууна.

Одоо боллоо. Импортын чанаргүй хүнснээс татгалзаад, дотооддоо үйлдвэрлэж байгаа дээрх гол нэрийн цөөн хүнсний бүтээгдэхүүнээр болгох гээд үзье, монголчууд аа. Бид зах зээл эхлэхээс өмнө буюу импортын хүнс тоотой, тоймтой байх үед өнгө үзэмж муутай ч гэсэн гайгүй сайн чанартай дотоодын үйлдвэрийн чихэр, боовыг хэрэглээд болдог л байсан санагдана.. Ундаа, ус, гурилан бүтээгдэхүүн, мах, төмс байхад амьдраад байж болно оо. Нэгэнт импортын бүтээгдэхүүнд хаана хаанаа хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлж чадахгүй байгаагаас хойш, буух эзэнтэй, буцах хаягтайгаар нь үндэсний үйлдвэрүүддээ чанар стандартыг сайтар мөрдүүлж, дээр дооргүй дэмжиж амьдрах нь онох вий.

Хэрвээ ингэж чадах юм бол бид эдүгээ аюулын харанга дэлдээд буй хүнсний аюулгүй байдлын асуудлаас ангижирч, ур насалж, алаг бяцхан үрстэйгээ аз жаргалтай байх бус уу.



Энэ өдрийн асуулт

Дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний импортыг хориглох хэрэгтэй

Хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох асуудалтай Та санал нэгдэх үү?

Т.Дамдинсүрэн (Монголын хүнсчдийн холбооны менежер):
-Дотоодод үйлдвэрлэж болж байгаа бараа бүтээгдэхүүний импортыг хориглох хэрэгтэй. Ундаа, талх нарийн боов, жигнэмэг, сүү, төмс зэргийг үйлдвэрлэж болж байгаа шүү дээ. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэх нэг гарц нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих. Импортын бараа бүтээгдэхүүний сурталчилгаа сайн учраас борлуулалт, нэр хүнд сайтай. Дотоодын барааны сурталчилгаа сул учраас хэрэглэгчдэд төдийлөн хүрч чаддаггүй.

Хүнсний аюулгүй байдалд ноцтой аюулын харанга дэлдэж байгаа нэг асуудал бол хувь хүмүүс хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа асуудал. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Монголд хүнсний бүтээгдэхүүн экспортолж байгаа гадаад орнуудын аж ахуйн нэгжийн жагсаалт бүртгэл байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцдаг улсын байгууллага байх ёстой. Өнөөдөр үнэн байдлыг хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний импорт хэн нь мэдэгдэхгүй хэдэн ченжийн гарт байна. Дотоодын үйлдвэрлэлийг огт харж үзэхгүй байна. Үндэсний үйлдвэрлэгчид ёстой бор зүрхээрээ явж байгаа.

С.Түмэнгэрэл (“Өгөөж” компанийн захирал):
-Хүнсний бүтээгдэхүүний импортыг багасгаж, чанаржуулах хэрэгтэй. Импортыг хаахтай дүйцэх арга хэмжээ бол импортын хяналтыг маш чангатгах шаардлагатай.

Мөн дотоодод үйлдвэрлэж болох бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл өргөжнө, ажлын байр нэмэгдэнэ. Монголчууд тархи толгойгоо ажиллуулж юм хийж сурна. Манай импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь дор хаяж нэг сарын хугацаатай тээвэрлэгдэнэ гээд бод доо. Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэзээ ч сарын хугацаатай хадгалагдахгүй. Импортын хүнсний хадгалалтын хугацааг нь зориуд сунгах зорилгоор химийн элемент хэрэглэдэг.

С.Дэлэг /BC монгол компанийн захирал:
-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд манайх зах зээлээ өртөг өндөртэй болгох ёстой. Өртөг өндөртэй болгоно гэдэг нь юмны үнэ нэмэхийг хэлээгүй байна, би.

Япон улс манайтай адил хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортолдог. Тэгсэн хэрнээ тус улсад яагаад хүнсний аюулгүй байдал алдагдахгүй байна вэ. Яагаад гэвэл Япон өртөг өндөртэй зах зээлтэй орон учраас гадаад орнуудын хамгийн үнэтэй хийгээд чанартай хүнсийг импортолдог. Монгол өртөг хямдтай учраас манайхан гадаадын хамгийн хямд үнэтэй, чанаргүй бараа бүтээгдэхүүнийг авч байна.

Иргэдийнхээ цалинг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг сайжруулах учиртай. Манайд хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдэж байгаа. Наймаачид арай үнэтэй чанартайг нь аваад ирэхээр Монголд түүнийг нь авах чадвартай хүн алга байна шүү дээ. Тэгэхээр хамгийн чанаргүй дээр нь буухаас аргагүй болж байгаа. Зах зээлийн өртгийг өндөрсгөхийн тулд эхлээд цалингаа тэр хэмжээнд аваачих хэрэгтэй. Дараа нь чанартай үнэтэй бараа бүтээгдэхүүнээр зах зээлээ хангах ёстой.