Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй ба малчдын төсөөлөл Dienstag, 19. Februar 2008

Монгол Улс сүүлийн гурван жилд /2000-2002/ байгалийн гамшгийн нөлөөгөөр нийт малынхаа 30 хувь буюу 10 гаруй сая мал хорогдуулжээ. Зөвхөн ганцхан жишээ дурдахад ийм л байна. 30 гаруй сая малтай байсан монголчууд гуравхан жилд их хэмжээний малаа барж эдүгээ 25 сая гаруй толгой болжээ. Мал, малчин хоёр яаж ч тэмцээд дийлдэггүй ялагддаг хүчин зүйл нь энэ юм. Зарим мэргэжилтэн байгаль өөрөө зохицуулж байгаа мэтээр ярьдаг ч малчны амьжиргааны эх үүсвэрийг нь хүний хоол булааж байгаа юм шигээр үгүй болоход харамсч, халаглах хүн их.

Дэлхийн уур амьсгалын нөлөөнөөс болж Монгол орны нутаг дээрх хур тунадас, агаарын температур огцом өөрчлөгдөж ган, зудын давтамж ихэссээр байгаа төдийгүй тэр нь бидний амьдрал, тэр дундаа манай голлох үйлдвэрлэл болох мал аж ахуйн салбарт их хэмжээний хохирлыг учруулсаар ирлээ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар ойрын 20-50 жилийн уур амьсгал манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд таагүй нөлөөлөх байдал нь зууны сүүлийн хагаст бүр ч идэвхжиж болзошгүй гэсэн урьдчилсан баримжаа гарчээ.

Мал нь цаг уурын байдлаас хараат, цаг агаар нь яаж ч өөрчлөгдөж мэдэх тул цаашид мал маллагааныхаа арга барилыг энэ маягаар нь авч явж чадах уу, үгүй юү гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй байна. Түүнчлэн байгалийн эрсдэлээс яаж хамгаалах вэ?

Нэгэнтээ ийм цаг уурын нөлөөн доор хэдэн мал нь хорогдсоор байхад малчид маань малаа орхих бодолгүй байгааг «Монголын мал аж ахуйн ирээдүй, олон нийтийн санаа бодлыг тандах нь» сэдэвт судалгаанаас дүгнэжээ. Тэд ямар тохиолдолд малаа орхих вэ гэсэн асуултад ямар ч тохиолдолд орхихгүй гэж 47,5 хувь нь хариулсан байхад дөнгөж есөн хувь нь өөр боломжийн ажил олдвол мал маллахаас татгалзаж болох юм гэсэн хариултыг өгчээ.

Амьдрах амьжиргааных нь эх үүсвэр болсон мал нь ган, зуданд хорогдсоор байгаа ч малчдын ихэнх нь малаа орхиж хот бараадахыг хүсэхгүй байлаа ч нийт малчин өрхийн 90 орчим хувь нь 200-аас доош малтай болохоор цаашид тэдний амьдрал дээшилж дундаас дээш амьдралтай болох ирээдүй байна уу гэдэг асуулт гарч байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд малчны тоо нэмэгдэж хөдөлмөрийн чадвартай нэг малчинд ногдох малын тоо багассан нь үүнтэй холбоотой. Судалгаагаар хөдөлмөрийн чадвартай нэг хүнд ногдох малын тоо /богд шилжүүлснээр/ 70,1 толгой мал болж байна. 70 богоос жилдээ 200-300 мянган төгрөгний бүтээгдэхүүн авна гэж үзэхэд өрх гэрийн амьдрал ахуйд яавч хүрэлцэхгүй тооцоо гарч байна. Ер нь өрхийн нэг хүнд ногдох малын тоо 150 толгой хүрч байж л малчдын хүсэн хүлээж буй хэрэгцээг хангаж чадахаар байгаа гэнэ. Энэ тоонд хүрч чадсан малчин цөөхөн. Тийм болохоор малчдын туйлын хүсэл нь малын тоо толгойгоо нэмэгдүүлэх юм байна. Тэдний 71,2 хувь нь ч үүнтэй санал нэг байна.

МАА-н салбарт 380 гаруй мянган малчин ажиллаж байгаагаас 160 мянган малчин хөдөлмөрийн бүтээмж багаас болж ашиг орлого олж амьдралаа дээшлүүлэх боломжгүй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 58,4 хувь нь амьдралд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвийн, 28,3 хувь нь амьжиргаа нь дордсон гэсэн байхад 13,1 хувь нь сайжирсан гэсэн хариултыг өгчээ. Амьжиргааных нь хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа ч гэсэн малчдын 63,6 хувь нь мал маллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг ажээ. Харин малгүй болсон тохиолддолд 16,1 хувь хот суурин газарт шилжиж өөр ажил хийнэ гэжээ.

Малчдын ойрын үед малын тоо толгой өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, хашаа хороо барих, томсгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан нараас мал аж ахуйн хөгжлийн ирээдүйг яаж төсөөлж байгааг сонирхоход 86,3 хувь мал аж ахуйг эрчимжүүлж хөгжүүлэх шаардлагатай гэжээ. Харин 5,5 хувь нь мал аж ахуй ийм байдлаараа явбал сүйрнэ гэж үзжээ.

Хэдийгээр нөхцөл нь ийм байгаа ч малчдын ойрын үеийн зорилгоо малын тоо, толгойг өсгөх гэж тодорхойлжээ. Зарим судлаачид малын бэлчээрийн даац хэтэрлээ энэ хэмжээндээ байх ёстой гэдэг ч, нөгөө хэсэг нь 80 гаруй сая мал багтаах бололцоотой учраас малаа өсгөхийг дэмжиж байдаг. Малын тоо толгой хорогдсон онуудад эдийн засгийн салбарт ХАА-н салбарын гүйцэтгэх үүрэг буурсан төдийгүй ХАА-н бүтээгдэхүүнд МАА-н салбарын эзлэх хувь ч буурсан байна.

Гэтэл малаа өсгөхөд малчдын өмнө тулгарч байгаа бэрхшээл багагүй байдаг байна. Байгаль, цаг уураас гадна энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд нь чухал асуудалд чиглээгүй, хүртээмж, үр өгөөж муу байдаг төдийгүй хууль тогтоомж нь санаанд огт нийцдэггүй гэжээ. Тухайлбал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны 29,1 хувь нь бүрэн нийцдэг, 11,5 хувь нь зарим нь нийцдэг, 38,3 хувь нь огт нийцдэггүй, 21,0 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, арга хэмжээ нь төдийлөн малчдын сэтгэлд нийцдэггүй юм байна гэж дүгнэж болохоор байна.

Ерээд оноос өмнө мал үржлийн ажил, малын тэжээлийн үйлдвэрлэл амжилттай байсан бол одоо буурсан үзүүлэлттэй байна. Малчдын 65 хувь нь хашаа хороо хүрэлцээгүй, 34,3 хувь нь бэлчээр хүрэлцээгүй, 39,2 хувь нь худаг, ус хүрэлцээгүй, 15,3 хувь хадлангийн талбай хүрэлцээгүй гэж өөрсдөө тулгарч буй бэрхшээлээ тоочжээ.

Малаа өсгөхөд гадны хүчин зүйлс ихээхэн байдаг боловч дан ганц уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаар хүн амын хэрэгцээг хангана гэдгийг боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Малчдын хувьд ч, мэргэжилтнүүдийн хувьд ч малыг тодорхой бүс нутагт эрчимжсэн аргаар эрхлэх боломж байгаа үгүйсгээгүй байна. Ялангуяа төвийн болон томоохон хот орчмын бүсэд эрхлэх бүрэн боломжтой ажээ.

Г.Өлзийсайхан
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.09.28)