Өнгөөр далдалсан химийн бодисын аюул Dienstag, 19. Februar 2008

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (Өнөөдөр сонин, 2007.02.14)

Химийн бодисын үйлдвэрлэлийн хэмжээ өнөөдөр 400 сая тонн болтлоо өслөө. Хүн төрөлхтөн яг одоо нэг сая орчим химийн бодис хэрэглэж байна. Үүний арваад мянга нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бодисууд.

Өнөөдөр хорт хавдар үүсгэдэг, удаан хугацаагаар хадгалагдаж хордуулах чадвартай химийн бодис, цаашлаад хүний үр хөврөл, үр удамд хортой бодисыг үйлдвэрлэх, хэрэглээг багасгах, зогсоох, орчиндоо халгүйгээр ашиглах аргыг хамтын хүчээр шийдвэрлэхээр дэлхий нийтээрээ тэмцэж эхэллээ.

Хүнсний аюулгүй байдал тун чухал асуудлын нэг болоод байна. Харин Монголд химийн бодисын хэрэглээ, экспорт, импорт гээд аюулгүй байдлыг хангах асуудал ямар түвшинд байна вэ? Бид хоол хүнсэндээ агуулагддаг химийн бодисын хэмжээ, түүний хор нөлөөний талаар юу мэдэх билээ.

Хүн амын дунд зонхилдог архаг өвчний нэг гол шалтгаан нь зарим нэг төрлийн химийн хортой бодис, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аж. Тодруулбал, хүнс тэжээлд ойролцоогоор 1000-аад төрлийн химийн бодис агуулагддаг байна. Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн дэх хорт үлдэгдэлд пестицид буюу хөдөө аж ахуйн зориулалттай химийн бодис, малын эм ордог. Эдгээрийн үлдэгдэл хүний организмд онцгой хортой нөлөө үзүүлдгийг Та мэдэх үү.

Хорт хавдраар жилд 3000 хүн өвчилж байна



Монголд насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар болоод байна. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг талаар судалгаа гарчээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 30, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 35 хувийг эзэлж байгаа юм.

ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн профессор Д.Дамдинсүрэн:
-Импортын бүтээгдэхүүний өнгөнд нь, гоё сав баглаа боодолд нь, эсвэл амтанд нь хүмүүс хууртаж байна. Бид импортын жимс, хүнсний ногоонд нитрит, мөн өөр төрлийн химийн бордооны үлдэгдэл илэрлээ гээд л ярьдаг. Гэтэл үүнийг таслан зогсоож чаддаггүй. Нутаг дэвсгэртээ ороод ирчихсэн хойно нь хөөцөлдөөд байдаг. Хэрвээ үнэхээр химийн бодисын агууламж их байгаа бол хилээр оруулахгүй байх ёстой. Ингэж байж л хүн амынхаа эрүүл мэндийг хамгаална шүү дээ гэв.

Хүнсний бөөний худалдааны төвлөрсөн цэгүүдэд өнгөрсөн жил 1300 гаруй нэрийн бүтээгдэхүүний чанарын баталгаажилтад шалгалт хийжээ. Шалгалтаар 110 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд 16 хувьд нь хлорт органик пестицид буюу химийн хорт бодис, 20-иод хувьд нь нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан нь тогтоогдов. Мөн импортын улаан чинжүү, улаан лооль, усан үзэм зэрэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа нь батлагдав.

Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэг нь яах аргагүй хиамны үйлдвэрлэл. Монголд ходоодны шарх, ходоодны хорт хавдар өндөр байгаа шалтгаан нь хиамтай ч холбоотой байж мэднэ. Хиамыг улаан болгодог гол түүхий эд нь нитрит хэмээх химийн онцгой хортой бодис. Энэ нь нитритийн бордоо байдлаар хүнсээр дамжин хүний биед шингэдэг. Эсвэл хиам үйлдвэрлэх явцад хэрэглэсэн нитрит нь организмд төрөл бүрийн нитрозолин болон хувирдаг аж. Улмаар эдгээр нь ДНХ-д нөлөөлөх замаар хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдгээрээ тун аюултай бодис.

Гэтэл хиамны ихэнх үйлдвэрт химийн бодисыг хэрэглэх технологийн горим алдагджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хиам үйлдвэрлэдэг 40-өөд аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Үйлдвэрлэж байгаа хиамнаас 68 дээж авч нян судлалын шинжилгээ хийхэд 23 хувьд нь нянгийн тоо их, 4.4 хувьд нитрит зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ.

Дээрх зөрчлүүд зөвхөн нэг удаагийн шалгалтынх. Албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид гэхэд ийм байна. Үүний цаана мөнөөх хорт хавдар үүсгэгч нитритийг ямар ч хяналтгүйгээр импортолдог, зардаг, үүнийг нь авдаг хүмүүс бий. Гэтэл үүнд нарийн шинжилгээ хийдэг лаборатори, дагаж мөрддөг тусгайлсан стандарт ч Монголд алга. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд ийм хайнга хандаж болно гэж үү. Хамгийн гол нь бид хиамыг хараад, амсаад эрүүл мэндэд хор аюул учруулах тунгийн химийн бодис хэдий хэр байгааг мэдэхгүй нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн үед хиамны жижиг үйлдвэрүүд махаа арвилахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог тухай ч дуулдаж байна. Уг нь хиамыг лангуун дээр биш худалдааны зориулалтын хөргөгчид хадгалах учиртай. Гэтэл хүнсний захуудад хөргөгчийг зөвхөн үзэмж төдий байдлаар, хиамны лангуу болгон ашиглаж байна. Ингэж ил задгай зарсан хиамны нянгийн бохирдолт гэхэд л ганцхан хоногийн дотор хэд дахин үрждэг аж. “Хөргөгчид хийхээр хүмүүс авдаггүй, харалгүй өнгөрдөг. Ингээд ярайтал нь тавибал зарагддаг юм” хэмээн “Нарантуул” захын худалдагч ярилаа.

Үүнээс гадна лаазалсан хүнсний бүтээгдэхүүн манайд ихэвчлэн импортоор орж ирдэг. Харин тэрхүү лаазалсан савнаас хүний дотоод шүүрлийн системийг гэмтээдэг песфенол А гэдэг химийн бодис ялгардаг аж. Энэ бодис савны доторх бүтээгдэхүүнд нэвчин орж хүний нөхөн үржихүй, мэдрэлийн болон дархлааны системд нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ баталжээ.

Гэхдээ янз бүрийн бордоо хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн зөвхөн импортоор орж ирдэг гэвэл эндүүрэл болно. Манай улс мал аж ахуй, газар тариаланд болон мэрэгчидтэй тэмцэх зорилгоор 10 гаруй нэр төрлийн 8000 тонн химийн бодисуудыг сүүлийн хэдэн жилд импортолжээ. Эдгээрт инсектицид, гербоцид, зооцид зэрэг химийн онцгой хортой бодис байдаг. Чухамдаа энэ нь монгол хүнсний ногоонд ч бас их, бага хэмжээгээр агуулагдаж байгаа.

Дэлхийд үйлдвэрлэж байгаа антибиотикийн тэн хагасыг зөвхөн малын эм, эмчилгээнд зориулж ашигладаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор малын сүү, махан дахь эмийн үлдэгдэл нь хүнд антибиотикт тэсвэртэй өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг нь батлагдсан. Судалгаанд дурдсанаар одоогийн байдлаар дэлхийд нийт 250 үйлчлэгч бодистой 2000 гаруй нэр төрлийн малын эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эдгээрийн ихэнхийг хүнсэнд агуулагдахыг хориглосон. Харин Монголд малын сүү, маханд агуулагдах химийн гаралтай эм бэлдмэлд тавих хяналт бараг байхгүй гэхэд болно.

Профессор Д.Дамдинсүрэнгийн яриаг дахин сонсъё.
-Манайх хүнсний үйлдвэрийн салбараас Европын холбооны улсад ганцхан бүтээгдэхүүн гаргадаг. Энэ нь зайдас хийдэг малын өлөн гэдэс. Гэтэл манай өлөн гэдэснээс антибиотик илэрч бөөн асуудал үүссэн. Эндээс харахад дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа нь тодорхой. Хүнсний аюулгүй байдал гэдэг тухайн улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн асуудал юм шүү гэлээ.

Европын холбооны улсууд манай урд хөршөөс импортолж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй байна хэмээн 2002 онд зургаан сарын хугацаагаар хориг тавьсан удаатай. Мөн Европын холбоо Япон улстай хамтарч хүнсний 50 мянган стандартыг шинээр боловсруулан мөрдөх гэж байна. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын албан ёсны мэдээгээр химийн бодисын хордлогоор жилд 340 мянган хүн амь насаа алдаж байна. Түүнчлэн химийн бодисоос болж өвдсөн, шархадсан хүмүүсийн талаарх мэдээлэл тун бага байна. Ялангуяа Монголд.

Өнгөөр далдалсан химийн хорт бодисын замбараагүй хэрэглээ улс үндэстнийг ч мөхөлд хүргэж болно. Хоног хугацаа алдалгүй хортой, аюултай бодисын үйлдвэрлэл, импорт, хаягдал, цаашлаад химийн бодисын хэрэглээг зохицуулахыг Монголын эрдэмтэд анхааруулсаар байна. Химийн бодисын хэрэглээг хязгаарлах талд дэлхий даяар тэмцэж эхэлсэн өнөө үед Монголын төр, засаг ард түмнийхээ өмнө хүлээх ёстой үүргийн нэг яах аргагүй энэ юм.