Posts mit dem Label 1. Мал аж ахуй werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label 1. Мал аж ахуй werden angezeigt. Alle Posts anzeigen

Хагас эрчимжсэн сүүний фермийн аж ахуй (2003 он) Dienstag, 19. Februar 2008

Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар, Дэлхийн банкны санхүүжилтээр 2003 онд Монголын Бодлогын судалгааны төв, Шведийн Сканагри консальтингийн компанийн хамтран гүйцэтгэсэн судалгааны тайлан. Улаанбаатар, Дархан хот орчмын сүүний фермерийн аж ахуйд хийсэн эмпирик судалгаа нь багтсан байгаа. Одоо статистик мэдээлэл нь хуучирснаас биш фермүүдийн талаархи мэдээлэл хоцрогдоогүй л байна. Энд дарж татаж аваарай!


Read more...

Мал аж ахуйг эрчимжүүлэх боломжууд

Англиар "Executive Report - Study on Livestock Intensification in Mongolia" гэж нэрлэгдсэн судалгааг Хүнс Хөдөө аж ахуйн яамны захиалгаар Швейцарийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс гүйцэтгэж, тайланг нь 2007 оны 5-р сард гаргажээ. Англи хэл дээр бичигдсэн уг тайланг дараахь хаягаас татаж авна уу!
http://162.23.39.120/dezaweb/ressources/resource_en_155563.pdf


Read more...

Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй ба малчдын төсөөлөл

Монгол Улс сүүлийн гурван жилд /2000-2002/ байгалийн гамшгийн нөлөөгөөр нийт малынхаа 30 хувь буюу 10 гаруй сая мал хорогдуулжээ. Зөвхөн ганцхан жишээ дурдахад ийм л байна. 30 гаруй сая малтай байсан монголчууд гуравхан жилд их хэмжээний малаа барж эдүгээ 25 сая гаруй толгой болжээ. Мал, малчин хоёр яаж ч тэмцээд дийлдэггүй ялагддаг хүчин зүйл нь энэ юм. Зарим мэргэжилтэн байгаль өөрөө зохицуулж байгаа мэтээр ярьдаг ч малчны амьжиргааны эх үүсвэрийг нь хүний хоол булааж байгаа юм шигээр үгүй болоход харамсч, халаглах хүн их.

Дэлхийн уур амьсгалын нөлөөнөөс болж Монгол орны нутаг дээрх хур тунадас, агаарын температур огцом өөрчлөгдөж ган, зудын давтамж ихэссээр байгаа төдийгүй тэр нь бидний амьдрал, тэр дундаа манай голлох үйлдвэрлэл болох мал аж ахуйн салбарт их хэмжээний хохирлыг учруулсаар ирлээ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар ойрын 20-50 жилийн уур амьсгал манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд таагүй нөлөөлөх байдал нь зууны сүүлийн хагаст бүр ч идэвхжиж болзошгүй гэсэн урьдчилсан баримжаа гарчээ.

Мал нь цаг уурын байдлаас хараат, цаг агаар нь яаж ч өөрчлөгдөж мэдэх тул цаашид мал маллагааныхаа арга барилыг энэ маягаар нь авч явж чадах уу, үгүй юү гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй байна. Түүнчлэн байгалийн эрсдэлээс яаж хамгаалах вэ?

Нэгэнтээ ийм цаг уурын нөлөөн доор хэдэн мал нь хорогдсоор байхад малчид маань малаа орхих бодолгүй байгааг «Монголын мал аж ахуйн ирээдүй, олон нийтийн санаа бодлыг тандах нь» сэдэвт судалгаанаас дүгнэжээ. Тэд ямар тохиолдолд малаа орхих вэ гэсэн асуултад ямар ч тохиолдолд орхихгүй гэж 47,5 хувь нь хариулсан байхад дөнгөж есөн хувь нь өөр боломжийн ажил олдвол мал маллахаас татгалзаж болох юм гэсэн хариултыг өгчээ.

Амьдрах амьжиргааных нь эх үүсвэр болсон мал нь ган, зуданд хорогдсоор байгаа ч малчдын ихэнх нь малаа орхиж хот бараадахыг хүсэхгүй байлаа ч нийт малчин өрхийн 90 орчим хувь нь 200-аас доош малтай болохоор цаашид тэдний амьдрал дээшилж дундаас дээш амьдралтай болох ирээдүй байна уу гэдэг асуулт гарч байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд малчны тоо нэмэгдэж хөдөлмөрийн чадвартай нэг малчинд ногдох малын тоо багассан нь үүнтэй холбоотой. Судалгаагаар хөдөлмөрийн чадвартай нэг хүнд ногдох малын тоо /богд шилжүүлснээр/ 70,1 толгой мал болж байна. 70 богоос жилдээ 200-300 мянган төгрөгний бүтээгдэхүүн авна гэж үзэхэд өрх гэрийн амьдрал ахуйд яавч хүрэлцэхгүй тооцоо гарч байна. Ер нь өрхийн нэг хүнд ногдох малын тоо 150 толгой хүрч байж л малчдын хүсэн хүлээж буй хэрэгцээг хангаж чадахаар байгаа гэнэ. Энэ тоонд хүрч чадсан малчин цөөхөн. Тийм болохоор малчдын туйлын хүсэл нь малын тоо толгойгоо нэмэгдүүлэх юм байна. Тэдний 71,2 хувь нь ч үүнтэй санал нэг байна.

МАА-н салбарт 380 гаруй мянган малчин ажиллаж байгаагаас 160 мянган малчин хөдөлмөрийн бүтээмж багаас болж ашиг орлого олж амьдралаа дээшлүүлэх боломжгүй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 58,4 хувь нь амьдралд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвийн, 28,3 хувь нь амьжиргаа нь дордсон гэсэн байхад 13,1 хувь нь сайжирсан гэсэн хариултыг өгчээ. Амьжиргааных нь хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа ч гэсэн малчдын 63,6 хувь нь мал маллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг ажээ. Харин малгүй болсон тохиолддолд 16,1 хувь хот суурин газарт шилжиж өөр ажил хийнэ гэжээ.

Малчдын ойрын үед малын тоо толгой өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, хашаа хороо барих, томсгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан нараас мал аж ахуйн хөгжлийн ирээдүйг яаж төсөөлж байгааг сонирхоход 86,3 хувь мал аж ахуйг эрчимжүүлж хөгжүүлэх шаардлагатай гэжээ. Харин 5,5 хувь нь мал аж ахуй ийм байдлаараа явбал сүйрнэ гэж үзжээ.

Хэдийгээр нөхцөл нь ийм байгаа ч малчдын ойрын үеийн зорилгоо малын тоо, толгойг өсгөх гэж тодорхойлжээ. Зарим судлаачид малын бэлчээрийн даац хэтэрлээ энэ хэмжээндээ байх ёстой гэдэг ч, нөгөө хэсэг нь 80 гаруй сая мал багтаах бололцоотой учраас малаа өсгөхийг дэмжиж байдаг. Малын тоо толгой хорогдсон онуудад эдийн засгийн салбарт ХАА-н салбарын гүйцэтгэх үүрэг буурсан төдийгүй ХАА-н бүтээгдэхүүнд МАА-н салбарын эзлэх хувь ч буурсан байна.

Гэтэл малаа өсгөхөд малчдын өмнө тулгарч байгаа бэрхшээл багагүй байдаг байна. Байгаль, цаг уураас гадна энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд нь чухал асуудалд чиглээгүй, хүртээмж, үр өгөөж муу байдаг төдийгүй хууль тогтоомж нь санаанд огт нийцдэггүй гэжээ. Тухайлбал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны 29,1 хувь нь бүрэн нийцдэг, 11,5 хувь нь зарим нь нийцдэг, 38,3 хувь нь огт нийцдэггүй, 21,0 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, арга хэмжээ нь төдийлөн малчдын сэтгэлд нийцдэггүй юм байна гэж дүгнэж болохоор байна.

Ерээд оноос өмнө мал үржлийн ажил, малын тэжээлийн үйлдвэрлэл амжилттай байсан бол одоо буурсан үзүүлэлттэй байна. Малчдын 65 хувь нь хашаа хороо хүрэлцээгүй, 34,3 хувь нь бэлчээр хүрэлцээгүй, 39,2 хувь нь худаг, ус хүрэлцээгүй, 15,3 хувь хадлангийн талбай хүрэлцээгүй гэж өөрсдөө тулгарч буй бэрхшээлээ тоочжээ.

Малаа өсгөхөд гадны хүчин зүйлс ихээхэн байдаг боловч дан ганц уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаар хүн амын хэрэгцээг хангана гэдгийг боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Малчдын хувьд ч, мэргэжилтнүүдийн хувьд ч малыг тодорхой бүс нутагт эрчимжсэн аргаар эрхлэх боломж байгаа үгүйсгээгүй байна. Ялангуяа төвийн болон томоохон хот орчмын бүсэд эрхлэх бүрэн боломжтой ажээ.

Г.Өлзийсайхан
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.09.28)


Read more...

Бэлчээрийн мал аж ахуйн төлөв байдал

Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй нь цаашдаа ч удаан хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд манай нийт нутгийн 80 гаруй хувь нь малын бэлчээрт тохиромжтой. Монголын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэдэг хэвээр байна. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин 30 хувь, хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн эзлэх хувийн жин 80 гаруй хувь байна.

Монгол орны эдийн засгийн гол салбарын нэг болох бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн гамшигт өртөх магадлал өндөр байдаг онцлогтой. Мал сүрэг жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын байнгын нөлөөн дор бэлчээрийн маллагаатай байдаг тул цаг агаарын огцом өөрчлөлт, эрс тэс уур амьсгал нь мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх явдалд багагүй бэрхшээл учруулдаг. Энэ үед мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль-экологийн орчныг хамгаалахад шинжлэх ухаанчаар хандаж, малчдын залуу үеийг сурган дадлагажуулж, тэдэнд уламжлалт арга ажиллагааг эзэмшүүлэн мэргэшүүлэх нь чухал байна.

Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг зах зээлийн эдийн засгийн харилцааны зүй тогтолын дагуу ажиллаж амьдрах арга ухаанд сургах нь онцгой ач холбогдол бүхий асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрх хэрэглээний шинжийн үйлдвэрлэл эрхлэгчээс үйлдвэрлэгч, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийн нэгж болон төлөвших явц эрчимтэй явагдаж байна. Мөн өнөөгийн нөхцөлд хөгжингүй техник, технологи нэвтрүүлэх замаар мал аж ахуй үйлдвэрлэлийг зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Хагас нүүдлийн хэлбэрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зах зээлийн эрэлт шаардлага ч бий болж байна.

Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжихдээ юуны өмнө дэлхийн мал аж ахуйн түүхий эдийн зах зээлд нэвтрэхээс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөө дэлхийн зах зээлтэй харилцах, мөн Монголд худалдаа хийж байгаа гадаадын компаниудаар дамжин нэвтрэх хоёр арга замыг ашиглаж байна. Ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн түүхий эдийг аль болох дотооддоо боловсруулах чиглэл баримтлах нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа юм. Үүний тулд малчдад богино хугацаанд зах зээлийн таатай орчин бүрдүүлж чадах эдийн засгийн механизмуудыг ашиглахад анхаарч байна. Ялангуяа татвар, зээл зэрэг бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дундаж амьжиргаатай малчдыг олшруулахад чиглэсэн үйл ажиллагаа чухал байна. Үүний тулд зээл олгох, онцгой тохиолдолд тэжээлийн туслалцаа үзүүлэх, малын даатгалд хамруулах, дахин малжихад туслах, мал эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгох зэргээр орлого багатай ядуу малчдыг төрөөс дэмжих ажлыг алхам алхмаар хийж эхлээд байна. Гэвч урт хугацаанд зах зээлийн орчин нөхцлийг сайжруулах өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр дээрх арга хэмжээг авах нь үр ашиг багатай юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хамтын хөдөлмөрөө хоршсон үйл ажиллагааг дэмжих, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд хамтран борлуулалт хийх тогтолцоог бүрдүүлэх явдал чухал байна. Ялангуяа 1998 онд Монгол Улсад “Хоршооны тухай хууль” батлагдсанаар малчид хоршоонд нэгдэх сонирхолтой болсон. Энэ хууль нь хөдөө аж ахуйн хоршоог хөгжүүлэх, хөдөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааг зах зээлийн нөхцөлд шилжүүлэхэд чухал алхам болсон.

Түүнчлэн ойрын жилүүдэд Монголын Засгийн газрын өмнө тулгарч байгаа шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг бол хөдөөгийн хүн амд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, мал аж ахуйн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих явдал юм. Нэгдлийг тарааж малыг малчдад өгч зах зээлийн гарааны харьцангуй ижил нөхцлийг олгосон хэдий ч хүмүүсийн өөрийнх нь хичээл зүтгэл, идэвхи санаачилга, ажил хэрэгч овсгоо харилцан адилгүй байна. Ялангуяа баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа нь төв болон орон нутгийн удирдлагаас оновчтой зохицуулалт хийхийг шаардаж байна.

Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг түргэсгэх томоохон боломж бол дутуу ашиглагдаж байгаа боловсон хүчний томоохон нөөц юм. Өнөөгийн малчид дотор машин, трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл эзэмшиж сурсан, үржил селекцийн болон мал эмнэлгийн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн олон төрлийн мэргэжлийн хүмүүс олон байна.

Даяаршлын өнөөгийн шинэ зуунд дэлхийн улс орнуудын өмнө тогтвортой хөгжлийн замаар замнах зайлшгүй шаардлага тавигдаж байгаагийн дотор юуны өмнө байгаль орчноо хамгаалж, зүй зохистой ашиглах, хүн амыг эрүүл хүнс, усаар хангах асуудлыг тэргүүн зорилт болгоод байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчэээрийн мал аж ахуйн байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн цэвэр бэлчээрт түшиглэн үйлдвэрлэл явуулдаг учир хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болдог. Гэвч унаган төрхөөрөө үлдсэн байгаль, түүнд тохирсон үйлдвэрлэлийн арга хэлбэр дэлхийд төдийлөн элбэг биш болжээ.

Зохиогч Ц.Сүхбаатар нь “Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төв”-д судлаачаар ажилладаг.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)


Read more...

Монголын ирээдүйн мал аж ахуй

Сүүлийн жилүүдэд Монголын мал аж ахуйн үүрэг болон ирээдүйн төлөв байдлын талаар анхаарал татахуйц хэлэлцүүлэг олонтаа явагдсан бөгөөд үүний үр дүнд олон ургальч санал бодлууд гарсан билээ. Зарим хүн уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйгаа хэвээр хадгалан эрхлэхийг дэмжиж байхад хөгжлийн асуудлаарх зөвлөгөө өгөгч мэргэжилтнүүд малчид зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд оршин тогтнохын тулд мал аж ахуйг бизнес хэмээн ойлгож үзэх хэрэгтэй гэж байлаа. Гэтэл бас зарим нь өргөн уудам нутгийг хамарсан нүүдлийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж, илүү эрчимжсэн хэлбэрт оруулах нь зүйтэй хэмээн ярьцгаадаг. Мөн Монголын нүүдлийн мал аж ахуй арваас арван таван жилийн дараа гэхэд устан үгүй болох ба хүмүүс мал аж ахуй эрхлэхээ больж суурин хэлбэрт шилжицгээнэ гэх хүмүүс ч таарч байлаа.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын мал аж ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэхүү хувьсал, өөрчлөлт Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хөлөө олох гэж тэмцэж байгаатай уялдан цаашид улам бүр хурдсах нь ойлгомжтой. Ирээдүйд мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн талаар хийгдсэн саяхны өөрчлөлт, түүнтэй холбоотой шийдэгдээгүй олон асуудал болон тодорхойгүй байдлаас үл хамааран бэлчээрт суурилсан мал аж ахуй нь Монголын хувьд хамгийн тохиромжтой хувилбар байж болох юм.

Бид яагаад бэлчээрт суурилсан мал аж ахуйн талаар ийм итгэлтэй байна вэ? Нэгдүгээрт, Монгол орны газар нутгийн 80 хувь нь бэлчээр бөгөөд энэ нь мал өсгөж, үржүүлэхэд тохиромжтой экологийн олон төрөл зүйлийн тогтолцоо бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох хэмжээ юм. Бэлчээрийн талхлагдалт болон байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах явдал нь анхаарал татах болсон хэдий ч, хэрвээ зөв зохистой ашиглаж чадвал Монгол орны өргөн уудам бэлчээр нутаг нь бэлчээрт суурилсан мал аж ахуйн дахин сэргээгдэх арвин их нөөц, бааз болж болох юм.

Хоёрдугаарт, Монголчууд таван хошуу мал өсгөж ирсэн урт удаан хугацааны уламжлалтай билээ. Үүнтэй уялдан мал маллагаа болон бэлчээр, байгаль орчны талаар асар их мэдлэг, туршлагыг олон зууны туршид хуримтлуулсан билээ. Харин малчид, хөгжлийн байгууллагын мэргэжилтэн мөн бодлого боловсруулагчид тэр их мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны шинэ соргог ололт амжилтуудтай хослуулан ашиглаж мал аж ахуй болон бэлчээрийн менежментийн талаар илүү сайн шийдвэр гаргах боломжтой. Малчин Монголчуудын олон жилийн туршлагын үр дүнд орон нутгийн хүрээлэн буй орчны нөхцөл байдалд маш сайн зохицсон мал аж ахуйн олон стратеги, арга туршлагууд боловсруулагдсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоог хүртэл ашиглагдсаар байгаа билээ.

Гуравдугаарт, Монголчууд хот айл, нэг нутгийнхан, нэг жалгынхан гэх мэт уламжлалт зохион байгуулалтын хэлбэрүүдэд хуваагддаг бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь үр ашгаа өгдөг байна. Тэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үеийнх шигээ дахин хамтран ажиллах болсон ба өмнөхөөсөө ялгарах зүйл нь гэвэл малчдын идэвхи, чармайлт нэмэгдсэн байлаа. Ингэж уламжлалт зохион байгуулалтандаа орсноор малчид шинэ бас илүү эрч хүчтэй байгууллагыг бий болгож, улмаар бэлчээр нутгийн эзэмшил, хөдөлмөр, зээл, үйлдвэрлэлийн орц (мал эмнэлгийн эм тарилга, туулга, нэмэгдэл тэжээл, тоног төхөөрөмж, технологи, мэдээлэл), маркетинг зэрэгт анхаарал хандуулан ажиллахад нь үнэлж баршгүй бааз суурь болж өгдөг.

Дөрөвдүгээрт, Монголчууд нь өндөр боловсролтой, хөдөлмөрч бас шинэ санаа, дэвшилтэт технологийг хүлээн авч, дасан зохицохдоо сайн. Боломж бололцоо нь бүрдсэн тохиолдолд Монголчууд орон нутгаа хөгжүүлэх, бэлчээрийн менежмент болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн үзүүрээс шүүрэн авахад хэзээд бэлэн байдаг билээ. Тухайлбал, Монгол орон даяар, бэлчээрийг сайжруулахтай холбоотой оролцооны арга барилыг өргөнөөр ашиглах болсон бөгөөд энэ нь орон нутгийн малчдын санаачилгыг дэмжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, ашиг орлого өсч, хүн ам нэмэгдэж, Монгол болон түүнтэй хөрш зэргэлдээ орших улс, орнуудад хотжилт хүрээгээ тэлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт огцом өсөх болсон ба улмаар “Мал аж ахуйн хувьсгал” хэмээн нэрлэгдэж болох санаачилгийн үндэс суурийг тавьсан юм. Энэхүү хувьсгал нь мах, арьс шир, сүү гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтээс ашиг тус хүртэх боломжийг Монголчуудад олгож байгаа юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Ази тивийн махны хэрэглээ хамгийн хурдацтай өсч байгаа ба өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улсын махны хэрэглээ хоёр дахин өссөн байна. Хятад, Япон, Солонгос зэрэг улсууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох Монгол үхэр, хонины махыг эрүүл мэнд, ариун цэврийн хувьд баталгаажуулан зах зээлд гаргах боломжтой (АНУ- д үхрийн галзуу өвчин гарахаас өмнө энэ зах зээлийг бий болгоогүй нь үнэхээр харамсалтай!) юм. Бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсад ядуурлыг бууруулж, эдийн засгийг цэцэглүүлэх онц чухал хөшүүрэг болж болох бөгөөд ялангуяа, анхан шатны мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд нэмүү өртөг нэмж чадах юм бол энэ ажил бүр ч амжилттай болно. Мал аж ахуйн энэхүү хувьсгалын боломжит үр ашгийг хадгалан үлдэхийн тулд одоо байгаагаас илүү сайн зохион байгуулалт, технологи, бодлого шаардлагатай.

Монголын мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг боловсрол, аливаад дасан зохицох чадвар, мал өсгөн үржүүлэх асар их нөөц, нөөцийн менежментийн үр ашигтай байдлыг хянан, шалгах тогтолцоог бий болгож, улмаар амьдралд ашиглах хэрэгцээг болон Азийн цээжинд орших Монгол орны газар зүйн байршил зэргийг харгалзан үзэхэд Монгол Улсад экологи болон эдийн засгийн хувьд тохиромжтойгоор мал аж ахуйг эрхлэх бүрэн боломж байна. Ийм тогтолцоонд хүрэхийн тулд мал аж ахуйн амжилттай үйлдвэрлэлийн хамгийн чухал шалгуур үзүүлэлт болох малын тоо толгой, малаас гарах түүхий эдийн чанарын талаарх өнөөгийн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд хоёр гол зүйлийг бий болгож, ирээдүйд мал аж ахуйг дэмжих үүднээс ашиглах нь зүйтэй.

Мал аж ахуйг амжилттай эрхлэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйлийн нэг бол малын өдөр тутмын, улирлын мөн жилийн тэжээлийн зохистой хангамж юм. Тэжээллэгийг бэлчээрийн ургамал, нэмэгдэл тэжээл, өвснөөс авах эсэх нь онц чухал зүйл биш юм. Юу чухал вэ гэвэл, байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулах, малын ашиг шимийг хамгийн өндөр хэмжээнд хүргэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулахад шаардлагатай тэжээлийн нөөцтэй байх явдал юм. Малын тэжээллэгийг нэмэгдүүлснээс гарах ашиг тусыг улам өндөр болгохын тулд малын үүлдэр угсааг сайжруулах, Монгол орны нөхцөл байдал дасан зохицох чадвартай, өндөр ашиг шим бүхий малтай эрлийзжүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Дараагийн нэг чухал зүйл гэвэл зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх асуудал бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц бүрэлдэн тогтоогүй байна. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсад дэд бүтэц ор тас байхгүй биш ч гэсэн хангалттай хэмжээний газар нутгийг хамарч чадаагүй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй байгаль орчны болон нийгэм эдийн засагтай холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад туслах хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа юм. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц нь хэрэгцээ, шаардлагатай буюу зах зээлийн эрэлтэд хариу үзүүлэх, ялангуяа, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангахын тулд малчдыг үйлдвэрлэлийн орцыг олж авах боломжоор хангах ёстой юм. Түүнчлэн, зах зээл нь мал аж ахуйн гаралтай их хэмжээний өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчныг урамшуулдаг байх нь зохистой. Мөн зах зээлийн эдийн засагт сайн чанарын бүтээгдэхүүнийг чанар муутайгаас нь ялгаж, салгадаг түүнчлэн чанар сайтай бараа, бүтээгдэхүүнд өндөр үнэ төлдөг тогтолцоо бүрэлдсэн байх ёстой. Хэрэв ямар нэг урамшуулал үгүй бол малчид маань юуны төлөө малын гаралтай түүхий эд болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэлийн орцыг нэмэгдүүлэх вэ? Бас мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцыг олж авах боломж болон маркетингийн хэрэгцээг хянаж байх дэмжигч дэд бүтэц байх шаардлагатай (Хүснэгтээс үзнэ үү).



Нэмэгдэл тэжээллэгийн үр ашигтай хэрэглээг харахын тулд тохиромжтой, хангалттай тэжээлтэй байх нь мал аж ахуйн шинэ үйлдвэрлэлд нэн чухал юм. Үйлдвэрлэлийн орцыг олж авах, үйлдвэрлэгчийн боломж болон өндөр чанар бүхий барааны өрсөлдөөнт зах зээлийг бий болгон хөгжүүлэх хэрэгтэйг анхааралдаа авах шаардлагатай. Хэрвээ мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол орны хөгжлийн явцад боломжийн бизнес гэдэг нь харагдвал энэ нь хувь хүний хичээл зүтгэл, удирдлагын арга барил болон хөдөлмөрч чанарын үр дүнтэй холбоотой нь ойлгомжтой бөгөөд эдгээрийг дэмжин урамшуулах хэрэгтэй юм.

Малын бэлчээр, зэрлэг ан амьтдын нутаг, эсвэл аялал жуулчлалын гэх мэт ямар ч зориулалтаар ашиглагддаг бай бэлчээр нутгийг хайрлан, хамгаалах нь Монгол орны урт хугацааны хөгжилтэй салшгүй холбоотой юм. Зэрлэг ан, гөрөөсний адилаар малд ч гэсэн цэнгэг ус, шимт ургамал шаардлагатай. Аялал жуулчлалд ч гэсэн ялгаагүй цэнгэг тунгалаг сайхан ус, цэвэр бас тэжээллэг өвс ургамалтай байж гадна дотныхны нүдийг хужирлах нь ойлгомжтой. Бэлчээр нутгийг Монголын уламжлалт мал аж ахуй болон түүний гол хүчин зүйлүүдтэй уялдуулан хамгаалах нь зах зээлийн эдийн засгийн үед нэн чухал юм.

Монголд бэлчээрт суурилсан мал аж ахуй оршин тогтнох болов уу? Бидний итгэж байгаагаар хариулт нь тийм. Гэхдээ ингэж зоригтой хэлэхийн өмнө зарим нэг зүйлийг хийх хэрэгтэй. Нэгд, экологийн хувьд тохиромжтой байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрт, малчид ажилдаа бизнес арга барилаар хандаж, зардлаа бууруулж, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ зах зээлийн шударга үнээр борлуулах хэрэгтэй. Гуравдугаарт, малчид олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж, мал аж ахуйгаа дэмжих шинэ бизнесийн үйл ажиллагааг эхлэх нь зүйтэй. Дөрөвт, Монголын ард түмэнд болон гадаадынханд Монголын бэлчээрийн менежмент сайжирснаар гарч болох үр дүн, тэдэнд ногдох давуу талын талаар мэдээлж байх шаардлагатай юм.

Зохиогчид: Даниел Миллер Хятад, Непал, Монгол зэрэг улсад бэлчээрийн мал аж ахуйгаар мэрэгшсэн, хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Вашингтон хотноо АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт ажиллаж байна.

Деннис Шийхи Хойт Америк, Монгол, Хятад улсад бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн системээр мэрэгшсэн хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан, Бэлчээрийн системийг боловсронгуй болгох олон улсын төвийн захирлын ажил эрхэлдэг.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)


Read more...

Малаа даатгуулаарай

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр соин, 2007.04.06)

Юуны өмнө нэгэн сонирхолтой хийгээд “шинэ” статистикийн томьёо танилцуулъя. Жилийн эцсийн мал тооллогоос-хагас жилийн мал тооллого=жилийн эцсийн мал тооллого. Үүнийг орчин цагт манай улсад хэрэгжүүлж буй малын даатгалын шинэ системийн нөхөн төлбөр олгох аргачлал гэж хэлж болно. Малчдад ойлгомжтой байлгах үүднээс ийнхүү ерөнхийлж хэллээ. Түүнээс биш үүнийг мэргэжилтнүүдийн баримталдаг томьёо гэхэд учир дутагдалтай. Даатгуулагч нарт нөхөн төлбөр олгох илүү нарийн аргачлалыг энд мөрдөх учраас тэр. Дээрх томьёонд хагас жилийн мал тооллого гэдэг огт хийгддэггүй ажил орж ирснийг харуулах гэж хэлсэн хэрэг.

Манай улс мал сүргээ жилийн эцэст тоолдог уламжлалтай. Өөрөөр хэлбэл, шинэ оноо угтах хөл хөөртэй их ажлын үеэр малын тоо толгой өссөн, уруудсан тухай мэдээлэл сонссогддог. Сүүлийн гурван ч шинэ жилийн үеэр монголчууд мал өссөн тухай таатай мэдээ дуулсан. Ялангуяа өнгөрсөн оны жилийн эцэст манай мал сүрэг 34 сая толгойд хүрч өссөн сайхан мэдээ бий.

Гэхдээ Монгол Улс малаа үнэн зөв тоолж чадаж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Манай мал тооллогын хэлбэр нэг л биш гэдгийг сүүлийн жилүүдэд олон хүн ярьж, эргэлзээ тээж яваа гэж хэлж болно. Харин энэ оны зургадугаар сард хагас жилийн мал тооллого гэж болох нь байна. Энэ ажлыг орон нутгийн засаг захиргаа, Үндэсний статистикийн газар, “Малын индексжүүлсэн даатгал” төсөл хамтран зохион байгуулах аж. Тэгээд дээр хэлсэнчлэн өнгөрөгч жилийн эцсийн мал тооллогын дүнтэй хагас жилийн мал тооллогыг харьцуулахаар даатгалд хамрагдсан сумдын малчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээ гарна. Энэ нь мал тооллогын шинэ систем сүргийн тоог илүү үнэн зөв гаргах боломжтой олон улсад хэрэгждэг арга гэдгийг “Малын индексжүүлсэн даатгал” төслийнхөн ярьж байна.

Тэдний ярьж буйгаар уг ажилд өмнөх шиг ихээхэн хөрөнгө мөнгө, олон унаа машин, мэргэжилтэн, албаны хүмүүс шаардлагагүй бололтой. Түүвэр судалгааны аргыг хэрэглэхээр холбогдох газрууд судалж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, Үндэсний статистикийн газрынхан жил бүр 340 суманд очиж, 400-500 сая төгрөг зарцуулах шаардлагатай юу гэдгийг бодож эхлэх вий. Энэ нь хоёр жилийн өмнөөс хэрэгжсэн малын даатгалын шинэ системтэй холбоотой юм.

Монголын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Малын индексжүүлсэн даатгал төсөл” 2005-2009 онд Увс, Баянхонгор, Хэнтий гэсэн гурван аймагт хэрэгжиж буй. Дэлхий дээр малыг индексжүүлсэн аргаар даатгаж байсан туршлага байхгүй ч манай улс нийгэм, эдийн засгийн тулах багана болсон үндэсний баялаг мал аж ахуйн салбартаа анх удаа хэрэгжүүлж буй нь энэ.

Манай улс 1963 оноос мал сүргийг албадан даатгаж байсан. … сумын малчин Батын бор үнээ” хэмээн малыг зүсчилэн даатгадаг тогтолцоо шинэ нийгмийн шаардлагад нийцэхгүй болсон. 1991 оноос малын даатгал багасч “Монгол даатгал”, “Түшиг даатгал” компани жил бүр 200 гаруй мянган толгой мал даатгаж иржээ. Үүнийг нийт малын тоотой харьцуулж хувиар илэрхийлэх юм бол нэг ч хувь хүрэхгүй гээд бод доо. Хэдийгээр зах зээл хөгжиж улс орны хөгжлийн хурдац нэмэгдэж буй ч, манай хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуй эрхэлсээр. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох, малчдын ирээдүйг баталгаажуулах шаардлага төр, засгийн өмнө тулгарсан болохоор малын даатгалын шинэ хэлбэрийг эрэлхийлсэн.

Хэдийгээр даатгал эрсдэлийг бууруулах гол хэрэгсэл гэж үздэг ч манай малын даатгалын уламжлалт хэлбэр, итгэл үнэмшил, үр ашиг муутай, малын хорогдлоос учрах эдийн засгийн хохирол их байсан. Уг нь зах зээл эхэлснээс хойш малын даатгалд санаа тавиагүй биш, шинийг санаачлах гэж үзэж. 1991 оноос хойш ХХААЯ-наас Малын даатгалын тухай хуулийг гурван ч удаа санаачилж, УИХ-д оруулсан боловч батлаагүй байна.

Хэдийгээр улс орон хөгжиж, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбарын тоо нэмэгдсэн ч эдүгээ олонх нь мал аж ахуй эрхлэн амьдарч буй учраас малын даатгал манайд хамгаас чухал. Тиймээс ч малын даатгалыг хэрэгжүүлэхийн тулд тулд 2002 оноос орон даяар судалгааны ажил эхэлж, Увс, Баянхонгор, Хэнтийг сонгожээ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Л.Тунгалаг “Манай төсөл өнгөрсөн оноос үндсэн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн. Бид байгалийн гамшиг болох магадлал ихтэй Баянхонгор, цаг агаарын байдал тогтвортой байдаг Увс, харьцангуй бага зуд болдог Хэнтий аймгийг сонгож авсан. Эдгээр аймаг Монголын нийт нутгийн нөхцөл байдлыг төлөөлж чадна. Эдгээр аймгийн 2400 гаруй малчин даатгалд хамрагдсан. Хамгийн дээд тал нь 700-гаад мянган төгрөгийн хураамж төлж, малаа даатгуулсан байгаа. Нийт 87 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн.

Увс аймгийн нийт малчдын 12, Баянхонгорын малчдын 8.3, Хэнтийд малчдын 4.2 хувь нь хамрагдсан. Эндээс тухайн нутаг дэвсгэрийн эрсдэлд хэрхэн өртдөг байдал харагдаж байгаа хэрэг” гэв. Дээрх гурван аймгийн 56 суманд даатгалын дөрвөн ч компанийн үйлчилгээ хүрчээ. Ингэхдээ Засгийн газар эрсдэлийн ихэнх хувийг үүрдэг байна. Ингэхгүй бол байнгын эрсдэлд байдаг мал аж ахуй руу даатгалын үйлчилгээ хавьтахгүй.
Одоо сум бүрт төслийн болон даатгалын компаниудын төлөөлөгч ажиллаж, малчдад даатгалын тухай танилцуулж, ач холбогдлыг нь ойлгуулж байгаа аж.

Даатгал сайн дурын үндсэн дээр оршин тогтнодог хуультай. Болзошгүй аюул гамшиг эрсдэлээс хэрхэн эд хөрөнгөө хамгаалах вэ гэдгээ тооцсоны үндсэн дээр даатгалд хамрагддаг. Манай малчид 1999-2002 он хүртэлх дөрөвхөн жилийн хугацаанд ган, зудын гамшгийг хангалттай амсаж, зовсон учраас учирласан учирлаагүй даатгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоо биз. Ялангуяа манай малчид малыг хөрөнгө биш гэж ярих нь бий. Мал тэдний хувьд идэх, өмсөх, эдлэх, хэрэглэхдээ өмнөө барьдаг ганц хөрөнгө нь мөнөөсөө мөн. Хэдэн зуун мянган малтай байсан ч хэн ч урьдчилан төсөөлөөгүй байгалийн гамшигт оргүй болох барьцгүй хөрөнгө гэдгийг малчид мэддэг учраас тийн ярьдаг биз.

Манайд эдүгээ даатгалын янз бүрийн хэлбэр бий болсон. Харин байнгын эрсдэлд байдаг бэлчээрийн мал аж ахуйг даатгах шинэ аргыг манай улс анх удаа туршиж байгаа юм. Малчдын нөхөн төлбөрийг төлөх, тэдний ирээдүйн амьдралыг баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг зөвхөн малчин биш, төр засаг, даатгалын компаниуд хамтдаа үүрэх шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байгаа нь олзуурхууштай.

Мал тооллогын дүнд үндэслэн сумын хэмжээнд гарсан нийт малын хорогдлын зургаа буюу арван хувиас дээшихэд индексжүүлэн даатгаж нөхөн төлбөр олгодог.
Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 10 хүртэлх хугацаанд “Малын индексжүүлсэн даатгал”-ын борлуулалт хийгддэг аж. Өөрөөр хэлбэл, жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртэлх хугацааг хамардаг.

Энэ хугацааг зүгээр чиг сонгочихоогүй гэнэ. Олон жилийн судалгаагаар малын зүй бус хорогдлын 90 гаруй хувь арванхоёроос дөрөвдүгээр сард гардаг учраас ийнхүү дээрх цаг хугацаан дахь эрсдэлийг даатгалд хамруулжээ. Жишээ татъя. Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Дорж өнгөрсөн оны гуравдугаар сард даатгалд хамрагдсан бол, энэ оны долдугаар сард нөхөн төлбөр авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ оны жилийн эцсийн мал тооллогыг ирэх оны хагас жилийн мал тооллоготой харьцуулаад гарсан хорогдлын нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Гэхдээ Доржийн малын хорогдол долоон хувиас дээш гарсан л бол авах юм биш. Баацагаан сумын хэмжээнд малын хорогдол тогтсон хувиас дээш гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

Бүс нутгаасаа хамаарч, малчдын төлөх даатгалын хураамж янз бүр. Малчин ямар төрлийн мал даатгуулах гэж байна түүнийгээ зах зээлийн үнээр үнэлнэ. Жишээлбэл, Увс аймгийн Малчин сумын Дондог нэг бүр нь 110 мянган төгрөгөөр үнэлэгдсэн 30 үхэр буюу нийт 3.3 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж бодъё. Үүнийгээ зургаан хувийн босгоор даатгуулжээ. 3.3 сая төгрөгийг 1.9 хувиар бодохоор Дондог 62.700 төгрөгийн хураамж төлнө гэсэн үг. Үүнийг их байна гэвэл малчин Та малынхаа нийт үнэлгээг бууруулж арай бага хураамж төлөх боломж бас бий. Малын даатгал шаардсан эрсдэл манайд хэзээ хэрхэн нүүрлэж байсан баримтаас дурдъя.

- 1999-2000 онд байгалийн гамшгийн үед мал сүргээ хариулж яваад 40 гаруй хүн алтан амиа алджээ.
1945 оны мичин жилийн зудын тухай монголчууд одоо ч ярьдаг. — Хэзээ ч мартагдахааргүй хохирол амсуулсан учраас тэр.
- 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байжээ.
- 1999-2002 онд болсон зудад манай улсын 11.2 сая толгой мал хорогдож, 333 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Үүнийг мөнгөн хөрөнгөөр илэрхийлбэл тухайн үеийн улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц мөнгө аж.

Дэлхийн банк 180 гаруй оронд хэрэгжүүлдэг төслүүдийнхээ хамгийн шилдэгт нь олгодог “Алтан анжис” нэртэй нэр хүндтэй шагналаа өнгөрсөн жил манай “Малын индексжүүлсэн даатгал” төсөлд олгож байсныг санаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй оролцдог донор байгууллагынхан хэр баргийн юманд хөнгөн хөдлөх улс биш учраас уг шагналаа ч нэлээд ул суурьтай бодож, судалж байж өгсөн байж таарна.

Тэгж бодохоор гурван аймагт хэрэгжиж буй малын индексжүүлсэн даатгал үр өгөөжтэй байж болох талтай. Уг төслийг орон даяар хэрэгжүүл гэсэн шахалт ирсээр байгаа ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар удирдуулсан уг төслийнхөн гурван аймгийн судалгааны болоод ажлын эцсийн үр дүнгээ харж байж хөдөлнө хэмээн “гүрийж” суугаа бололтой.

Малчид маань зуд зулагтай гэж хууртан суух биш, дээрх монголчуудын сэтгэлд хар толбо үлдээсэн байгалийн гамшгийг санан, гагцхүү даатгалд хамрагдаж, түүний мөн чанарыг ойлгож амьдрах нь ирээдүйтэй гэлтэй. Малаа даатгуулаалах цаг иржээ.


Read more...

Вакцинжуулалт малын өвчинтэй тэмцэх арга биш

О.УЛАМБАЯР (малын эмч) (Өнөөдөр сонин, 2007.03.09)

Монгол мал харьцангуй бага өвчилдөг. Манай орны уур амьсгал халуун хүйтний хэлбэлзэл ихтэй, агаар, ус, бэлчээр нь харьцангуй цэвэр учраас тэр. Малчид ч таруу нутагладаг төдийгүй жилдээ хэдэнтээ бууриа сэлгэж, малынхаа аяыг даган нүүдэллэдэг, элдэв өвчнөөс сүргээ хамгаалах хямд бөгөөд сайн аргуудтай, монголчууд. Тиймээс манай оронд мал амьтны халдварт өвчин олон жилийн давтамжтай илэрдэг. Эндээс үзэхэд манай улс мал сүрэгтээ вакцин хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч маш бага хэрэглэх боломжтой. Малд вакцин огт хэрэглэдэггүй байсан үеийг хавтгайруулан хэрэглэж буй орчин цагтай харьцуулахад мал сүргийн бүтэц, эрүүл мэндийн байдалд онцын ялгаа алга.

Төрийн мал эмнэлгийн удирдах, оношлох, судлах, сургах албад нь малын ердийн халдварт өвчнүүдийн гаралтыг хэтрүүлэн үнэлж, вакцинжуулалтыг хавтгайруулан мал бүрт жил дараалан хэрэглэхийг зөвлөсөөр байна. 1970–аад оноос Биокомбинатын үйлдвэрлэсэн вакцины нэр төрөл, хэмжээнд тааруулж төрийн санаачилга, шахалтаар эзнээс нь асуухгүйгээр мал сүргийг кампаничлан вакцинжуулдаг болсон.

Үнэн хэрэгтээ вакцины дийлэнхийг үр ашиггүй зарцуулдаг байв. Энэ зуршил одоо ч хэвээрээ байгаа бөгөөд сүүлийн үед вакциныг малчдад тарааж өгдөг шинэ арга нэвтэрч байна. Энэхүү үрэлгэн бөгөөд цамаан хэрэглээ нь бүх төрлийн вакцины зардлыг төрөөс төлдөгтэй холбоотой.
Малын өвчний тохиолдлыг тодорхой нутагт сүргийн хэмжээнд тандан судалж, хандлагыг нь тодорхойлдог мэргэжилтнийг эпидемиологч гэдэг. Ийм хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн төрийн мал эмнэлгийн албаны гол цэгүүдэд алга байна. Иймээс тус мал эмнэлгийн албад нь мал сүргийн өвчлөлийг бодитой үнэлж чаддаггүйгээс халдварт өвчнөөс эрүүлжүүлэх ба сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөж чаддаггүй.

Тэд малын өвчлөлийг нэг бол хэтрүүлэн үнэлдэг, эсвэл үгүйсгэдэг зуршлаас салаагүй байна. Богино хугацаанд илрээд дэгдэлт нь намжих өвчнийг жил бүр гарах юм шиг, нэг жалганд гараад өнгөрөх өвчлөл хавийн газрыг нөмрөх гэж байгаа мэтээр сүржигнэх явдал байсаар.
Мөн малын өвчлөл улсын эдийн засагт болон нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг, ямар өвчний тохиолдолд төр хэрхэн оролцохыг хууль тогтоогчид онож тодорхойлж чадахгүй байна. Зах зээлд ч манай Засгийн газрын мал вакцинжуулах төлөвлөгөө хөдөлшгүй хэвээрээ. Шинэ цагт ган гачиг, зуд турхан болж, малын тоо толгой цөөрч, цаг агаарын өөрчлөлт мэдрэгдэж, малчдын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж , өвчин илэрсэн ч, илрээгүй ч хэрэглэх вакцин, тарилгад хамруулах хугацаа, тарих малын тоо нь нэг л янзаараа буй нь хачирхалтай.

Зайсангийн аманд хэд хэдэн нууц хурал болсон гэдэг. Тэнд нууцалсан зүйл нь гэвэл боом гэх мэтийн малын халдварт өвчний гаралт нэмэгдээд байгаа, үүний шалтгаан нь вакцин хийхгүй байгаа явдал. Үүнийг багасгахын тулд вакцин хийгээд л байх хэрэгтэй гэж ярилцсан юм байх. Шийдвэр гаргах түвшний холбогдох албаныхан вакцины ченжүүдийн бие төлөөлөгч, түгээн борлуулагч төдий үүрэгтэй болжээ. Биокомбинат вакциныг малчдад сайн шахсан аймгийн Мал эмнэлгийн албыг шалгаруулан урамшуулдаг гэж байгаа. Малчид хэрэгцээгүй вакциныг малдаа тариулах дургүй. Малд нь вакцин тарих эсэхийг, ямар вакцин хэрэглэхийг хэрэв асуувал тэд ихэнхээс нь татгалзана. Манай ихэнх вакцины дархлаа үүсгэх чанар тааруу гэж хэлж болно.

Өмнө нь нэлээд сайн байсан вакцины чанар ч сүүлийн үед муудаж байгаа. “Малд хийсний дараа буглах, булдруутах зэрэг хүндрэл үүсдэг. Зарим вакцин өвчнөөс хамгаалах бус өвчлүүлэх нь бий. Түүнчлэн вакциныг шаардлагатай цагт нь хэрэглэгчдэд ирүүлдэггүй” гэсэн гомдлын үгийг малчид болон малын эмч нар ярьдаг. Гэвч байдал сайжирдаггүй, учир нь Биокомбинат юм голдоггүй ганц худалдан авагчтай, тэр нь Засгийн газар. Засгийн газар ганц нийлүүлэгчтэй, тэр нь хэрэглэгчдээ гологддог Биокомбинат. Энэ лагс үйлдвэрээ яая гэж байхад бас төрийн хөрөнгөөр вакцины шинэ үйлдвэр барих саналыг вакцины ченжүүд, улстөрчид хамтран эрх баригчдад идэвхтэй тулган шаардаж байгаа сураг дуулдана.

Вакцинжуулалтын хөлсийг төрөөс төлдөг болсноос хойш мал вакцинжуулах санал эрс нэмэгдлээ. Энэ нь малчдын санал биш, хувийн мал эмнэлгээс гарч буй санал юм. Хэдэн малчны нэрийн жагсаалт, малын тоо, гарын үсэг үзүүлээд л вакцин тарьсны хөлс гэж багагүй мөнгө авна. “Вакцин” гэхээс өөр үйлчилгээ хийдэггүй “мал эмнэлгүүд” нэмэгдсээр. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг татвар төлөгчдийн мөнгөөр 40-50 жил тарааж өгснөөр төрийн мал эмнэлгийн үйлчилгээний үрэлгэн, цамаан зан л нэмэгдсэн үү гэхээс дорвитой үр дүн гараагүй.

Халуун нар, тачигнасан жавар, ширүүн салхи, хурын ус нь уудам орчныг цэвэрлэн халдваргүйтгэдэг нь манай орны нэг давуу тал. Халдваргүйтгэл нь өдөр тутам биш, хааяа нэг, хаа сайгүй биш, хаа нэгтээ аль нэг өвчний илрэлийн дараа гарч ирдэг хэрэгцээ тул бэлдмэл худалдан авч, сум бүрт түгээдгийг 1999-2001 онд зогсоосон боловч одоо дахиад л сэргэлээ. Зарим компаниас «эм»-ээ төрд «худалдах» хүсэлтийг гүйцэлдүүлж байгаа бололтой. “Ариутгал”-ын хэрэгцээ, хэрэглээ хоёр малчны хотонд бараг мэдрэгддэггүй.

Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг зогсоохдоо өвчилсөн малыг эрт илрүүлж, бүрэн устгаж чадаж байгаа бол, хорио цээрийн дэглэмийг чанд хэрэгжүүлж чадаж байгаа бол вакцинжуулалтыг хэрэглэх шаардлагагүй, хэрэглэсэн ч зөвхөн голомтонд, цөөн малд нэг, хоёр удаа хэрэглэх боломжтой. Хэрэв голомт тойрсон уудам нутагт мал бүрийг 2-3 жил дараалан хэд хэдэн удаа “вакциндаж” байгаа бол хөнгөн өвчилсөн малыг устгах хэрэггүй юм.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулан вирус тээгчийг хилээрээ оруулахгүй байх, дэгдэлтийг эрт оношлон зогсоох арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулж, хорио, хязгаарлалтад аль болохоор бага нутаг, цөөн хүн богино хугацаанд өртөж, цөөн мал устгаж, цөөн мал “вакциндаж” бага зардлаар голомтыг аюулгүй болгох боломж байна.

Харин шүлхийн вакцины ченжүүдэд чихдүүлсэн мэт холбогдох албаныхан ингэж ажиллаж чадахгүй байна. Шүлхийн дэгдэлт дарагдчихаад байхад шүлхийн вакцин тойрсон улс төр, мөнгөний бүлгүүд 3-4 аймгийн арав хорин сая малд вакцин тариулж чадаж байна. Шүлхийн вакцины хэрэглээ Засгийн газрын мэдэлд байна уу, эсвэл вакцины ченжүүдийн мэдэлд байна уу. Шүлхийн вакцинжуулалт малчин, мал хоёрт яаж тусч байгааг, вакцинд өртсөн нутгийн нийт хэмжээ, малын тоо ямар болоод буйг хариуцсан албатууд мэдэж байгаа болов уу.

ХХААЯ-ны мал эмнэлгийн албанаас мэдээлж буйгаар бол Монгол оронд вакцинд өртөөгүй мал байхгүй болжээ. Үхэр, хонь, ямаа жилдээ хэд хэдэн удаа вакцин тариулна. Энэ үзүүлэлтээрээ манай мал дэлхийд ч тэргүүлэхээр болжээ. Нийслэлчүүд жилдээ долоогоос найман удаа вакцинд хамрагдсан үхрийн сүү ууж, мах иддэг гээд бод доо. Тухайлбал, хот орчмын 10 настай үхэр 70-80 удаа вакцин хийлгэсэн байдаг. Ийм малын бүтээгдэхүүнийг цэвэр гэх үү. Төрийн оролцоотой, малчинд хүрдэггүй, хэрэгцээгүй, хавтгай вакцинжуулалт нь Монгол Улс харьцангуй эрүүл мал сүрэгтэй орон гэдгийг үгүйсгэж, монгол малын бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна.

Орчин үед вакцинжуулалт нь өвчинтэй тэмцэх цор ганц тахин шүтдэг арга биш болжээ. Вакциныг хавтгайруулж биш, онилж хэрэглэх ёстой. Түүнийг хэрэглэх нь мэргэжлийн урлаг бөгөөд мал эмнэлгийн албаны чадварыг шалгаж, илтгэдэг. Вакциныг зайлшгүй тохиолдолд зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын саналаар төрийн шийдвэрээр хяналтын дор хэрэглэх ёстой.

Хэрэгцээгүй хавтгайрсан вакцинжуулалтаас татгалзъя. Малын дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, сохор догол, шөвөг яр, томуу, сахуу, иж балнад зэрэг нутгийн суурин өвчнүүдээс сэргийлэх вакцины үнэ хийгээд зардлыг малын эзэд төлдөг байх журамд шилжих цаг хэдийнэ болсныг хэлье. Ингэвэл малчид малаа ямар өвчнөөс хамгаалж ямар вакцин тариулж буйгаа, ер нь ингэх хэрэг байна уу, үгүй юү гэдгийг тунгаан боддог, саналаа илэрхийлдэг болно.

Социализмын үед бидэнд зориулж “үсэнд нь тариа хийдэг, үхсэнд нь акт бичдэг хүнийг малын эмч гэнэ” гэх тодорхойлолтыг олон түмнээс өгсөн. Малыг хувьчилснаар үхсэнд нь акт бичих тамын үүргээс салсан. Одоо вакцины хэрэглээнд төрийн оролцоог оновчтой болговол малын үсэнд нь тариа хийдэг зовлонгоос салж болохоор байна.


Read more...

Тэнгэрийн амьтанд мөхлийн аюул нүүрлэжээ

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.28)

Сүрлэг сайхан биетэй төдийгүй дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргийг эмгэнэлт хувь заяа тосож буйг анзаарахыг өгүүлсэн нийтлэлээ Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарчийн “Тэмээ” шүлгээр эхэлмээр санагдлаа. П.Бадарч энэхүү шүлгээрээ 1987 онд “Болор цом”-ын эзэн болж байсныг уран зохиол сонирхогчдын олонх санаж байгаа биз ээ.

Тэмээ ямар аугаа амьтан болохыг харуулсан 20 гаруй бадаг шүлгээс шинэ цагийн монголчууддаа иш татаж хүргэе. Түүнчлэн орчин үеийн багачуудын олонх нь хорвоод ховорхон хоёр бөхт тэмээтэй орны иргэн гэдгээ мэдэхгүй байж ч болох. XXI зуунд тэмээ ачлага уналга, хөсгөнд бараг ашиглагдахаа больсон учраас. Уг нь бол монголчууд адуу, тэмээг 6000 жилийн тэртээгээс гаршуулсан гэдэг. Тийм ч учраас морин өртөөг шуудангаас халж, галт тэрэг өртөөлөн машин тэрэгтэй залгах 1960-аад оныг хүртэл Монголын тээврийг тэмээ гэдэг тэнхлүүн амьтан залгуулж явсныг хэн хүнгүй мэднэ.

Өргөн дэлхийд ургасан өвс цэцгэн дундаас
Өвс бут шаваг шарилж аль л хатуу хүтүүгээр нь хооллох
Өлгийтэй жаахан хүүхдээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өжин хөдөлгөх ижий нь юм шиг бүүвэй бүүвэй гэж алхлах
Ус нэг уугаад гарвал гурвын гурав ес хонодог
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй
Унаган говио орхиж нутаг ердөө сэлгээгүй

Авгай хүүхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж үйлийг нь үзэж байхад
Арай л өндөрдөөд байна уу гээд өөрөө хэвтээд өгдөг
Санаа сэрэггүй тайвандаа үрээн голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхлуулсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад эхлэхээр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тэмээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ…

П.Бадарч “Намайг энэ шүлгийг бичихэд Монгол Улс 975 мянган тэмээтэй байсан. Тухайн онд Тэмээг өсгөн үржүүлж хайрлан хамгаалах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч байсан. Түүнчлэн Хэнтий, Дорноговь, Дундговь зэрэг аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, улс төрийн товчооны гишүүд, тэмээ судлаач Индраа зэрэг эрдэмтэд очиж илтгэл хүртэл тавьж байлаа. Үүнээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэмээний тоо толгой өссөнгүй, харин ч жилээс жилд уруудсаар ирлээ. Монголчууд тэмээг 12 жилд багтаж чадаагүй ч 12 жилийн бүгдийнх нь шинжийг агуулсан тухай өгүүлдэг нь тэмээнд хайртай учраас өхөөрдсөн хэрэг.

“Уйлган шарын домог”, “Сариг цагаан ингэний яриг цагаан ботго” тууль гээд манайд тэмээг магтан дуулсан аман зохиол цөөнгүй. Монголын бахархал болсон тэмээний уналга ачлагын хэрэглээ шинэ зуунд хумигдсан ч гэсэн монголчууд түүнийг бэлгэ тэмдэг гэдэг утгаар хайрлан хамгаалах ёстой. Нүүдэлчин монголчуудын нүүдлийн гол хөсөг нь тэмээ байсан. Тэмээтэй айлын нүүхийг тэнгэр мэднэ, тэмээгүй айлын нүүхийг тэмээ мэднэ гэдэг үг байж болно. Тэмээтэй айл тэнгэр сайхан болохыг харж байгаад хүссэн цагтаа нүүж болно, харин тэмээгүй айл хэчнээн тэнгэр сайхан байгаад ч тэмээ олдохоос нааш нүүж чадахгүй суудгийг хэлж байгаа юм.

Тэмээний тоо толгой жилээс жилд хорогдож байгаад миний сэтгэл эмзэглэдэг юм.Тэмээ устаж үгүй болбол Монгол тав биш, дөрвөн хошуу малтай болно. Тавын тооны бэлгэ тэмдэг үгүй болно гэсэн үг. Монгол таван хошуу малтай учраас бид таван хошууг онцолдог. Хэрвээ дөрвөн хошуу малтай болчих юм бол таван хошууны тухай ойлголт үгүй болно. Тэмээний оронд тахиа юм уу зөгийг л оруулах байх даа.Тэнгэрийн амьтан устана гэдэг төрийн далбаан дээрх соёмбыг авч хаясантай ижил гэж ойлго” гэсэн юм.

Дэлхийд 19.1 сая толгой тэмээ байгаагаас 0.8 сая орчим нь хоёр бөхт тэмээ. Хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь манай улсад бий. Үүнээс үзэхэд хоёр бөхт тэмээ дэлхийд ховор бөгөөд одоогоор манай улсад гол цөм нь байгааг эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна. Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Завхан зэрэг манай арав гаруй аймагт тэмээг өсгөн үржүүлдэг. Үүнээс Өмнөговь аймаг хамгийн олон буюу 70.8 мянган тэмээтэй. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээс ажиглахад Баянхонгор, Говь-Алтай тэмээний тоо толгойг өсгөж, Дорноговь аймаг тэмээн сүргээ ганцхан жилийн дотор 3000-аар хорогдуулжээ.

Зургаан жилийн өмнө улсын хэмжээнд 285.2 мянган тэмээ байсан бол өнгөрсөн оны эцэст дээрх тоо 33 мянган толгойгоор буурчээ. Тавхан жилийн дотор шүү дээ. Энэ бас гайгүй. 2001,2002 оны жил дараалсан зудад Монголын тэмээн сүргийн тоо толгой өм цөм хорогдсон байх юм. Дээрх хоёр жилд 50 мянга орчим тэнгэрийн амьтан үхжээ. Цас зудын аюулаас гадна сүүлийн жилүүдэд монголчууд тэмээг хүнсэнд их хэрэглэх болсон нь тоо толгойн огцом уруудалтад нөлөөлж байгаа гол шалтгаан. Жилд дунджаар 12 мянган тэмээ хүнсэнд хэрэглэдэг тооцоог өнгөрсөн оны мал тооллогын комиссын мэргэжилтнүүд гаргасан байв.

Өөрөөр хэлбэл оны эхэнд тоолсон нийт тэмээний 10-13 хувийг хэрэглээнд зориулж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн 2002 онд Өмнөговь аймагт болсон Тэмээ үржүүлэгчдийн улсын зөвлөлгөөний үеэр “Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 176.5 мянган ботго бойжуулж, зүй бусаар хорогдсон болон хүнсэнд хэрэглэсэн тэмээний тоо 267.2 мянгад хүрч, бойжсон ботгоноос 1.5 дахин их байна” хэмээн танилцуулсан санагдана. Харамсалтай байгаа биз. Тэмээний махны хэрэглээ борлуулалттай одоо буй 252 мянган тэмээгээ харьцуулж бодох юм бол дэлхийд ховор хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь Монголд байсан юм гэнэ лээ гэсэн домог л ам дамжин хоцрох цаг хугацаа ойрхон.

“Арчилгаа маллагаа муугаас хулгайд алдахаас гадна өсвөр насны ботго, тормыг чоно үлдээхгүй болсон тухай дээрх зөвлөлгөөний үеэр тэмээчид онцлон тэмдэглэж байсан. Чоно ухаантай амьтан чинь тэмээний өмнө очоод хөрвөөхөөр тэмээ их сониуч шүү дээ. Үнэртэж байгаад бариулдаг. Том тэмээ бол тэгэхгүй л дээ, ботго тором тэгж сониучирхаж байгаад чонын аманд орох нь элбэг” хэмээн тэмээчид ярьж билээ. Өмнөговь аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, зөвлөмж гаргаад бүтэн дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч төдийлөн үр дүн харагдсангүй.

Бусад малыг бодоход махны гарц арвинтай учраас тэмээг идшинд түлхүү хэрэглэж байгаа гэж хэлж болно. Түүнчлэн тэмээ өсгөн үржүүлдэг говийн аймгууд бог мал харьцангуй цөөтэй болохоор хоттойгоосоо барих болоход тэмээн сүргээсээ зооглох төдийгүй, бэлэн мөнгөөр худалдах нь их гэнэ. Мөн тэмээ хээлээ 13 сар тээдэг учраас өсөлт удаантай амьтан. Хүнсэнд хайр найргүй хэрэглэхдээ нөхөн үйлдвэрлэл удаантайг нь умартдаг бололтой, манайхан.

Тэмээний мах үхэр, хонины мах шиг өргөн хэрэглээ болоогүй ч нэг кг нь өнөөдөр 1700-1800 төгрөг хүрчээ. Гурван жилийн өмнө хонины мах ийм л ханштай байсан. Тэмээний махны үнэ, хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь тэмээний тоо толгой улам уруудах шалтгаан болж байгаа хэрэг. Тэмээний зогдор, шил, өвдөгний эр ноос болон их биений эм ноосны хэрэглээ дээхнэ үед их байсан. Эзэгтэй нар ширдэг, хаяавч ширэх утасныхаа ноосыг олох гэж тэмээ олонтой айлаас асууж сурагладаг байв.

Гэтэл зах зээл эхэлснээс хойш тэмээний эр ноос шиг үнэгүй, хэрэггүй зүйл үгүй болж айлууд тэмээгээ ноослохоо больсон. Эзэгтэй нар ч эр ноосыг хайхаа больж үйлдвэрийн утсаар хаяавч ширдгээ ширдэг болжээ. Өнөөдөр ноос ноолуурын үйлдвэрүүд зохих хэмжээгээр тэмээний ноосон бүтээгдэхүүн хийж байгаа ч тэмээний ноос бусад малын түүхий эдтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа гэж хэлж болно. Ингэний сүү нь гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг, эмчилгээ сувилалд ашиглахад үр дүнтэй байдаг нь анагаахын шинжлэх ухаанаар нотлогдсон ч хэрэглээ нь мөн л бага буй.

Тэмээний тоо толгойг бууруулахгүй байхын тулд үс ноос, сүүгээр нь бүтээгдэхүүн хийж, үнэд хүргэх асуудал хамгаас чухлыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэнгэрийн амьтнаа хамгаалан үржүүлэх зорилготой тав зургаан ч холбоо байдаг бололтой. Эдгээр байгууллагаас тэмээг хайрлан хамгаалах талаар дорвитой ажлыг хамтарч нэгдэн хийж байна уу гэж асуумаар. Жил бүр зохиогддог тэмээн пологоос өөр тэмээгээ жуулчид болон монголчууддаа сурталчлах арга хэмжээ алга гэлтэй. Харин ХХААЯ Тэмээний тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ мэтээр Монголын нэг бахархал болсон тэнгэрийн амьтнаа идэж устгах бус, ашиг шимийг нь өөр байдлаар хүртэж улмаар тоо толгойг нь нэмэгдүүлэх цаг болжээ.


Read more...

Зохиомол хээлтүүлгийн монгол туршлага

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.07)

Зохиомол хээлтүүлгийн дэвшилтэт технологи,ололт амжилт, үр дүнгээрээ шинэ зуунд Франц улс дэлхийд ноёлж байна. Тус улсад сайн үүлдрийн мал болон хөврөл үр, гүн хөлдөөсөн үр үйлдвэрлэж, олон улсад захиалгаар нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг олон зуун аж ахуй нэгж, нийгэмлэг бий. Манай улс монгол малын таваарлаг чанарыг сайжруулах чиглэлээр Францын Засгийн газартай 2003 оноос хамтран ажиллаж буй.

Энэ хүрээнд Францын зүүн өмнөд хэсгийн сайн үүлдрийн мал өсгөн үржүүлдэг нэгэн нийгэмлэгийн үржлийн технологич Ги Шарбёны Монголд сүүлийн хоёр, гурван жил ажилласан. Жил бүрийн хавар, намарт ирж, Францын өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлсэн монгол үнээнээс ямар тугал гарч вэ, төрөхийн хүндрэл байна уу, үгүй юу гэх мэт ажиглалтыг хийхээр яаран ирдэг тухайгаа тэрбээр ярьж байсан.

Түүнээс “Манай Монголд зохиомол хээлтүүлэг 1990 оноос өмнө маш сайн хөгжсөн. Харин сүүлийн арав гаруй жил уг ажил зогсонги байдалд орсон юм. Бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд ч дээрх хугацаанд ажилгүй зэвэрсэн гэж хэлж болно. Танд манай хээлтүүлгийн техникчид ур чадварын хувьд ямар санагдав. Тэдэнд мэргэжлийн ямар арга ажиллагаа дутагдаж байна” хэмээн сонирхоход “Монголд зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод багагүй хугацаа өнгөрсөн гэхэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь өндөр ур чадвартай юм. Би болон манай байгууллагын мэргэжилтнүүд олон оронд зохиомол хээлтүүлгийн ажлаар явдаг.

Монголын хээлтүүлгийн техникчдийн ур чадварыг үнэхээр биширч байна. Хэлсэн зүйлийг яг технологийн дагуу хийж байгаа нь надад маш таалагдсан. Зохиомол хээлтүүлгийг хөгжүүлэхэд мэргэжилтнүүдийн хувьд ямар ч хүндрэл бэрхшээл алга.

Би хамтарч ажилласан техникчдээсээ ялангуяа Жаргалант тосгоны техникч Баярцогтыг онцлох байна.
Тэр маш ур чадвартай, Францад очиж туршлага судалсан хүн” хэмээн хариулсан.

Монголд сүүлийн жилүүдэд сайн үүлдрийн мал өсгөн үржүүлэх ажил, үйлчилгээ дахин сэргэх замдаа эргэлт буцалтгүй орсон тул хөврөл үр, гүн хөлдөөсөн үр, шилмэл малын импортын тухай багагүй яригдаж буй. Үүний сацуу “Өндөр ашиг шимтэй малын үр хаанаас авч, хээлтүүлгийг хэрхэн хийх вэ. Үнэхээр хээлтүүлэг авдаг юм болов уу” гэсэн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байгаа. Тийм болохоор зохиомол хээлтүүлгийн технологи болон уг үйлчилгээг гардан хийдэг мэргэжилтнүүдийн тухай мэдээлэл олон нийтэд хэрэгтэй байгаа хэрэг.

Дэлхийд өндөр ашиг шимт малын үрийг гүн хөлдөөж ашиглах болон зохиомол хээлтүүлгийн гурван технологи байдаг аж. Зохиомол хээлтүүлэг буюу малын үржлийн ажил үйлчилгээ хэдэн зуун мянган жилийн хөгжлийн түүхтэй.

1960-аад он хүртэл дэлхийд үржлийн ажилд таблеткин технологи мөрдөж байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сайн үүлдрийн малын үрийг гүн хөлдөөж ашиглахдаа үрлэн эм хэлбэрээр авч хадгалдаг гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд Японы технологи гэж ч нэрлэдэг байна. Уг технологи 1990-ээд оныг хүртэл дэлхий нийтэд хэрэглэгдэж байв. Үүнээс гадна баруун Европын орнууд, Украйн, Молдав зэрэг оронд өнгөлсөн үрлэн буюу Харьковын технологи нэвтэрсэн.

Үүний өмнөх технологиосоо дэвшилттэй тал нь гүн хөлдөөсөн үрийн гадуур капсултай болсон. Ингээд 1990 оноос Францын гуурсан технологи нэвтэрсэн байна. Японы болон Харьковын технологийг хэрэглэхдээ гүн хөлдөөсөн үрийг 38-40 градусын халуун орчинд гэсгээж, хийдэг. Харин хамгийн сүүлийн үеийн гуурсан технологи нь гүн хөлдөөсөн үр гадна орчинтой бараг “харьцдаггүйгээрээ” онцлог дэвшилттэй тухай мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай малчдын олонх нь зохиомол хээлтүүлгийн ач холбогдол, үр дүнг мэдрэхийг хүсэж байгаа. Нэг сааманд хагас литр сүү өгдөг арван үнээтэй байснаас таваас дээш литр сүү гардаг таван үнээтэй байхыг цаг үе, зах зээл шаардаж байгаа учраас монголчууд зохиомол хээлтүүлгийг сонирхохоос аргагүй. Багаж, үр нь байвал бог, бод, гахай, шувууны алинд ч зохиомол хээлтүүлэг хийх ур чадвартай мэргэжилтнүүд бий аж.

Гагцхүү зохиомол хээлтүүлгийн захиалга, хүрээ өргөжөхийн цагт гардан хийдэг техникчид хаанаа ч хүрэлцэхгүй байж мэдэх. Сүүлийн гурван жилийн хугацаанд манайх гадаадаас нийт 20-иод мянган тун үр импортолж, зохиомол хээлтүүлэг хийжээ. Хээл авалт олон улсад 81 хувьтай байдаг бол манай улсынх 2005 онд 84.6, өнгөрсөн онд 83.9 хувьтай байгаад мал эмнэлэг, үржлийн салбарынхан олзуурхаж, гадаадын дээрх чиглэлээр хамтран ажилладаг үржүүлгийн технологчид ч өндөр сэтгэгдэлтэй байгаа аж.

Зохиомол хээлтүүлгийн мэргэжилтэн бэлтгэдэг хийгээд, уг ажил үйлчилгээг эрхэлдэг газар нь Малын удмын сангийн үндэсний төв. 1981 онд байгуулагдсан тус байгууллага өнгөрсөн хугацаанд нэрээ хэд дахин сольсноос гадна ХХААЯ-тай гурав нийлж, дөрөв салжээ. Саяхан ХХААЯ-ны харъяанд ирээд байгаа. Социализмын үед эрдэмтэн мэргэжилтэн, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон нарийн нарийвтар ноост хонь, нооолуурын ямаа, сүү-махны чиглэлийн цэвэр эрлийз малын тоо толгой эдүгээ 1990 оныхоос 50-85 хүртэл хувиар цөөрч, зарим сүрэг устахад хүрсэн.

Тиймээс торгон сүргийн тоо толгойг нэмэгдүүлж, үржлийн шилмэл сүргийн чанарлаг байдлыг шинэ түвшинд гаргахаар ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаа бодлого тодорхойлогч яам нь ийнхүү дэргэдээ авч байгаа бололтой. Тус төвийнхөн шинэ технологийн гүн хөлдөөсөн үрийн нэгдүгээр үеийн эрлийз 235 гунж энэ онд тугаллах тухай ярьж байлаа. Ирэх жил 400, 2009 онд 600 гунж тугаллах маягаар ашиг шим өндөртэй шилмэл үхрээр сүрэг сэлбэх нь. Өнөөдөр манайд зохиомол хээлтүүлгийн шинэ техник, арга ажиллагаанд суралцаж эзэмшсэн нийт 35 техникч бий аж.

Мөн сүүлийн хоёр жилд бод, бог малын зохиомол хээлтүүлгээр зургаан удаагийн курс зохион байгуулжээ. Фермерийн аж ахуйн тоо олширч буйн хэрээр шинэ цагийн фермерүүд зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмших шаардлагатай болж байгаа юм. Фермерүүд 14 хоногийн сургалтад хамрагдаж техникч болох эрэлт хэрэгцээ их байгаа тухай Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Буяндалай ярьсан. 1990 оноос өмнө дээрх мэргэжлийг 45 хоногийн курсээр эзэмшүүлдэг байж.

Бүр өмнө нь буюу 1980-аад онд ОХУ-ын Улаан Үдэд гурван сарын хугацаатай сургадаг байжээ. Буяндалай хэлэхдээ “Зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмшихэд урт хугацаа шаардлагагүй. Онол, практикаа хамт үздэг болохоор сурахад ч хэцүү биш. Тэгээд ч манайд хамгийн сүүлийн үеийн гуурсан технологиор хээлтүүлэг хийх арга ажиллагааг харуулсан видео, хуурцаг хангалттай байгаагаас гадна бидэнд зохиомол хээлтүүлгийн монгол туршлага бий” хэмээсэн. Энэ онд техникчийн сургалтыг иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтийг харгалзан бодынхыг Сэлэнгийн Цагааннуурт, богийнхыг есдүгээр сард Дархан-Уул аймагт хийх аж.

Сүүлийн таван жилд Малын удмын сангийн үндэсний төв улсаас дөрвөн сая гаруй төгрөгийн санхүүжилт авч, Сэлэнгэ, Дорнод талын үхрийн бух, Керей, Сүмбэр, Тал нутгийн цагаан хуцнаас 63.4 мянган тун үр үйлдвэрлэн хадгалж, 3000 орчим үнээ, мөн тооны хонь, 200 ямаанд гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд зохиомол хээлтүүлгийн цэгийн тоог өмнөхөөс 30-аар нэмсэн нь энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин ажлын байртай болж, зохиомлоор хээл авах малын тоо өсөхөд сайнаар нөлөөлжээ.

Малын удмын сангийн үндэсний төв нь эцэг малын үрийг -196 градуст хөлдөөж, иргэд, аж ахуйн нэгжийн захиалга хүсэлтээр нийлүүлж, малын ашиг шим, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах чиглэлээр ажил үйлчилгээ явуулах зорилттой.

Гэтэл тус төвийн ажил үйлчилгээ 1993-2002 онд үндсэндээ зогссон. Дээрх хугацаанд хээлтүүлэг хийх нь битгий хэл санд хадгалагдаж байгаа үрийг хэвийн хэмжээнд байлгахыг л чармайжээ. Бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд малын удмын санг хамгаалах ажил үйлчилгээ тун чухал. Сүүүлийн үед гадаад, дотоодын өндөр ашиг шимтэй үрээр шинэчлэгдсэн. Харин удмын санд байгаа үрийг иргэд хэдэн жил хадгалж байгаа, хэр үр дүнтэй байх бол гэдэгт нэлээд эргэлздэг.

Зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ 1990-ээд оноос зогсонги байдалд орсон учраас эргэлзэхээс ч аргагүй. Гэхдээ танд хүснэгтээр сонирхуулж байгаа Малын удмын санд хадгалагдаж байгаа гадаад, дотоодын гойд ашиг шимт малын үрийн чанарт итгэж болно. Учир нь жил гаруйн өмнө санагдана УМХГ-аас тус төвд хадгалагдаж байсан үрийг шалгаад, технологийн хоцрогдол, хадгалалтын хугацаа дууссан, ашиг шимийн үзүүлэлт нь өнөөгийн шаардлага хангахгүй болсон гэдэг дүгнэлтийг хийж 200 гаруй мянган тун үр устгасан.

Тийм болохоор малын чанараа сайжруулахын тулд малчин та өөрөө зохиомол хээлтүүлгийн техникч болох шаардлагатай. Танд зөвлөх зохиомол хээлтүүүлгийн бэлээхэн туршлага амьдралд бий.


Read more...

Хонь ховордож, цөөрч байна

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Нацагийн Логи, Бизнесийн удирдлагын магистр, докторант Далхаагийн Шинэбаяр
(Өнөөдөр сонин, 2006.10.04)

Монголчууд морьгvй малчных мохоо, хоньгvй айл хомхой гэж хонь адуугаа эрхэмлэн дээдэлж байдгаа зvйр цэцэн vгэндээ ч шvтэн биширч ярилцдаг билээ. Ялангуяа сул асгасан сувд шиг ярайж цайрч харагдан, цэлгэр уудам бэлчээр нутгийнхаа чимэг болдог хонин сvргээ сувд эрдэнэ шиг хайрлан өсгөн vржvvлж ирсэн юм. Гэтэл харамсалтай нь сvvлийн жилvvдэд уудам дэлгэр бэлчээр нутаг маань ч эвдэрч эзгvйрэн, хонин сvргийн маань тоо ч буурч монголчуудын сэтгэл санааг зvй ёсоор гонсойлгох боллоо.

Монгол тvмний минь амин тэжээл, бахархал болсоор ирсэн тvvхэн уламжлалт мал сvрэг-хонин сvргийнхээ тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бvрдvvлэх асуудлыг хvн бvр тал бvрээс нь авч vзэж санаа бодлоо уралдуулах цаг vе нэгэнт тулгарч ирлээ.

Хонин сvргийн тогтвортой хөгжлийн асуудалд зөвхөн тоо толгойн өсөлт төдийгvй удам угсааг нь сайжруулах, маллагааны арга ажиллагаа, аж ахуй-зохион байгуулалтыг нь боловсронгуй болгох, эрvvлжvvлэх гэх мэт бvхий л асуудлууд хамаарна.

Хонин сvргийн дотоод оновчтой бvтэц бол тvvний тогтвортой хөгжлийн vндсэн нөхцөлийн нэг билээ. Оновчтой бvтцийг нь тогтооход хонин сvргийн жилийн зохистой эргэлтийг аж ахуйн нэгж бvр хамгийн зөв хувилбараар хэрэгжvvлэх нь онцгой ач холбогдолтой. Өнөө vед бидний бахархал болдог хонин сvргийн маань дотоод бvтэц газар бvрт vлэмж эвдэрсний улмаас тvvний тоо толгой тогтвортой өсөх нь битгий хэл жилийн нь зарлагыг тухайн жилд бойжуулсан хурганы тоо нөхөж чадахаа больж, хонины тоо эрс цөөрч, нийт малын дотор тvvний эзэлж байсан байр суурь доошилж “Монгол Улс хонь гэдэг өндөр ашиг шимтэй гайхамшигтай сайхан малтай байсан юм гэнэ билээ” гэсэн тvvх л vлдэхэд хvрэх дөхөж байгаа гашуун бөгөөд vнэн бодит байдлыг хvн бvр анхаарч vзэхээс өөр аргагvй боллоо.

Бид хонин сvргийнхээ өнөө vеийн бодит тоон мэдээлэл дээр тулгуурлаж, жинхэнэ амьд баримт тvшиж, эдийн засаг-математикийн арга ашиглан зөвхөн тоон vзvvлэлтээр хийсэн судалгаа тооцоог энд толилуулж санаа бодлоо хуваалцахыг зорилоо.

Хонин сvрэг бол монгол тvмний амин зуулгын vндэс ямагт болж байсан учраас тэр нь улс орны ч, аливаа аж ахуйн нэгжийн ч, айл өрхийн ч нийт малын дотор ямагт зонхилох байр суурийг эзэлдэг байсан юм. Үvнийг дараах тоон мэдээллийн судалгаанаас тодорхой харж болно. Тухайлбал, улсын мал тооллогын дvнгээр хонь, ямаа хамтдаа нийт мал сvргийн дотор 1918 онд 75.3 хувь, 1924 онд 77.3 хувь, 1925 онд 78.5 хувийг тус тус эзэлж байсан хувь хэмжээг тав таван жилээр тооцоолон судалж vзэхэд 1926-1930 оны дунджаар 66.7 хувь, 1931-1935 оны дунджаар 60.9 хувь, 1936-1940 оны дунджаар 59.6 хувь, 1946-1950 оны дунджаар 55.9 хувь, 1951-1955 оны дунджаар 55.1 хуь, 1956-1960 оны дунджаар 53.6 хувийг тус тус эзэлж байсан ба 1991-1995 оны дунджаар 53.6 хувь, 1996-2000 оны дунджаар 45.5 хувь, 2001-2005 оны дунджаар 43.3 хувийг эзлэх болж сvvлийн жилvvдэд тvvний хувийн жин ийнхvv ямагт буурах боллоо.

Эдгээрээс vзэхэд хонины тоо сvvлийн жилvvдэд /ялангуяа 1990-ээд оны сvvлчээс эхлэн/ vлэмж буурч 1930, 1940 оны vед улсын нийт малын дотор 60 орчим хувийг эзэлж байснаа одоо 40 хvрэхгvй хувийг эзлэх болсон байна.

Хонин сvргийн маань тоонд гарч байгаа энэ бууралт нь тvvний жил бvрийн зvй бусын хорогдол өсөж, дотоодын хvнсний хэрэгцээнд бэлэнчлэн хэтэрхий олноор нь хэрэглэх болсонтой шууд холбоотой байна. Үvний улмаас сvvлийн жилvvдэд тухайн жилд гаргасан зарлагаа уг онд бойжуулсан хургаараа нөхөж чадахаа больсон байна. Тухайлбал, энэ vзvvлэлтийг арав арван жилээр судалж vзэхэд 1951-1960 оны дунджаар тухайн онд бойжуулсан хурганы тоо уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тооноос 62 хувиар, 1961-1970 оны дунджаар 129.2 хувиар тус тус давж байсан бол 1976-1985 оны дунджаар 2.4 хувиар, 1991-2000 оны дунджаар 1.9 хувиар тус тус дутах болжээ.

Эдгээр судалгаанаас vзэхэд тухайн жилд гаргасан зарлага оны эхний хонины тоонд эзэлж байсан хувь хэмжээ 1960-аад оны vеийнхээс өнөө vед хоёр дахин илvv хувийг эзлэх болсны улмаас хонин сvргийн маань нөхөн vржих чадвар ийнхvv зогсжээ.
Бид сvvлийн 45 жилийн буюу 1960-2004 оны тоон мэдээлэлд тулгуурлан оны эцсийн хонины тооны өсөлтөд тухайн оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан хурганы тоо, уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тоо гэсэн хvчин зvйлсийн vзvvлж буй нөлөөллийн эконометрийн шинжилгээг хийж уг нөлөөллийн зvй тогтлын математик илэрхийллээс vндэслэн хонин сvргийнхээ тооны хэтийн төлөвийн прогнозыг тооцоолж vзэхэд хонин сvргийг одоогийн эрхэлж буй маллагааны арга барилаар нь эрхлэн явуулсаар байвал ойрын жилд тvvний тоонд төдий л ахиц гарахгvй болох нь харагдаж байна.

Тиймээс хонины зvй бусын хорогдлыг бууруулахын тулд нэг талаар, хонин сvргийн өнөөгийн маллагааны арга ажилалгаанд малчдын хамтын хvч чармайлтыг нэгтгэсэн малчдын хоршоо, мал аж ахуйн фермийг зохион байгуулан нэвтрvvлж бэлчээрийн маллагааг хагас суурин маллагааны эрчимжvvлэлтийн арга ажиллагаатай нарийн мэргэжлийн удирдлагын дор чадварлагаар хослон явуулах эргэлтийн чанартай өөрчлөлт оруулах, нөгөө талаар хонины махны хэрэглээг багасгахын тулд хонины махыг орлож чадах гахай, тахиа мэтийн төрөлхийн эрчимтэй салбарыг өндөр vр ашигтай өсгөн vржvvлж, махны хэрэглээнд өргөнөөр оруулах талаар бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ.

Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх мал нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ. Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх малын нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг яаралтай авч явуулах шаардлагатай болжээ.

Энэ нь 2005 оны улсын мал тооллогын дvнд тулгуурлан хонины нас хvйсний бvлгээрх дотоод бvтцэд улсын хэмжээгээрх нийт хонь болон хонины тоогоор нийт аймгуудын дотор I-V-т яваа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Увс аймгуудын хонин сvргийн бvтцэд хийсэн судалгаанаас vзэхэд хонин сvргийн тууштай өсөж vржихэд онцгой ач холбогдолтой өсвөр эх малын нийт сvргийн дотор эзлэх хувийн жин нэн доогуур, дөнгөж 21-22 хувийг л эзлэх болсонтой холбоотой байна.

Бид хонин сvргийн дотоод оновтой бvтцийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хvрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хонин сvргийн оновчтой бvтцийг тодорхойлохоор тvvний нас хvйсний бvлэг тус бvрийн хонины хувьд зайлшгvй анхаарвал зохих маллагааны технологийн шаардлагууд, нас хvйсний бvлгvvд хоорондын нь зохистой харьцаануудыг vндэслэл сайтай тусгаж, тус хvрээлэнгийн туршлагын бааз 600 хонь бvхий vржлийн фермийн тоон мэдээлэлд тулгуурлаж хонин сvргийн дотоод оновчтой бvтэц, эргэлтийн эдийн засаг-математикийн загварыг боловсруулан, тооцооллыг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Кибернетикийн тэнхмийн компьютерийн лабораторит Lindow программыг ашиглаж хийлээ. Энэ эдийн засаг-математикийн загварын оновчтой шийдээс vзэхэд хонин сvргийн дотоод оновчтой бvтцэд тvvний тогтвортой өсөлтөд vйлдвэрлэх ач холбогдолтой өсвөр эм хонь-зурсан, охин төлөгний эзлэх хувийн жин 35.1 хувь байх нь зохистой гэж тогтоогдсон юм. Тийнхvv манай улсын хонин сvргийн тогтвортой өсөлт, сvргийн дотоод бvтэц нэн алдагдаж байгаад ноцтой дvгнэлт хийж ажиллах шаардлагатай болсон нь зөвхөн тоон мэдээлэл дээр тулгуурлаж бидний хийсэн эдгээр судалгаанаас ч харагдаж байна.


Read more...