Хүнсний аюулгүй байдлын менежментийн асуудалд Dienstag, 19. Februar 2008

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний төвшин. Статистикийн албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувь, будаа, чихрийн зүйл, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Хүнсэнд хэрэглэж байгаа малын 94,6 хувь, сүүний 2,3 хувь-ийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болов. Жишсэн дундажаар нэг хүн хоногт уураг, өөх тосыг зөвлөмж хэмжээний төвшинд хэрэглэж, харин нүүрс усны хэрэглээ зөвлөмжөөс 70-80 г.-аар бага байна. Жимс, хүнсний ногоо, ургамлын тос, загасны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ туйлын бага байгаа нь нийт хүн амын дунд аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил зэрэг биологийн идэвхит бодисын дутал бодитой оршиж байна гэж үзэх үндэслэл болж байна.
Улсын дундажаар авч үзвэл хүнсний хэрэглээнд мах, гурил зонхилж, харин хотын хүний хэрэглээнд сүү, цагаан идээ хөдөөгийнхөөс бараг 4 дахин бага, хөдөөгийн хүний хэрэглээнд төмс, хүнсний ногоо маш бага хэвээр байна. Хүнсний хэрэглээний оновчтой бүтэц ийнхүү алдагдсан нь аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил, пробиотик бичил биетэн зэрэг биологийн идэвхит хүчин зүйлсийн хомсдолд хүргэж, түүнээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны элдэв өвчин, ясны сийрэгжилт, эрт өтлөлт зэрэг эмгэг хүн амын дунд болсоор байна.


Манай улсын хүн амын 30 хувь нь буюу 750 мянган хүн ядуу, хүнсний хомсдолтой, зөвлөмж хэмжээний төвшинд бүрэн хооллож чадахгүй байна. Дэлхий мянганы зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас гаргасан тогтоолд хүнс хоолны хомсдолтой байгаа 750 мянган хүнийхээ хүнсний асуудлыг шийдвэрлэх зорилт тавиагүй, харин 2012 он гэхэд хүүхдийн тураалыг зогсоох тухай л заажээ. Манай улсад тураалтай хүүхэд гол төлөв хүн амын ядуу хэсгийн дотор байгаа учраас ядуучуудын хүнсний асуудлыг шийдэлгүйгээр хүүхдийн тураалаас гарч чадна гэдэг нь тун эргэлзээтэй.

Монгол Улсын хүнсний бодлого, эрх зүйн орчин
Хүнсний аюулгүй байдал нь үндсэн 3 тулгуураас, тухайлбал хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдал, шим тэжээлийн байдлаас бүрдсэн цогц асуудал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тодорхойлж, хувь хүн, өрх гэр, улс гүрэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд хүнс хоолны бодит үнэлгээг гаргахдаа энэ зарчмыг баримталдаг юм зур.1. Монгол Улсын Хүнсний тухай анхны хуулинд (1995) олон улсын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн “ хүнсний аюулгүй байдал гэж хүнсний зүйлийн хангамж, бүтцийн болон чанар, эрүүл ахуйн хэмжээ хангагдсан байдлыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийн шинэчилсэн найруулга (1999)-д “хүнсний аюулгүй байдал гэж хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байхыг хэлнэ” гэж хангамж, хүрэлцээний асуудлыг орхиж, хүнсний бодлогын цогц байдлыг алдагдуулжээ.

Зураг 1. Хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн

Олон улсын хэмжээнд “хүнсний эрх” гэж “хүрэлцээтэй, шимт бодисын зохистой харьцаатай, аюулгүй хоол хүнсийг авбал зохих хамгийн бага хэмжээ“-г хэлдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (1948) “хүн бүр хоол хүнс .....ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй“,Эдийн засаг, соёлын эрхийн тухай Олон улсын пактад (1966) “хүн бүр . . . хоол хүнстэй байх эрхтэй“-г цохон тэмдэглээд нэн тэргүүнд “өлсгөлөн, тэжээлийн доройтлоос ангид байх эрх“-ийг онцлон заажээ. Хүнсний анхны хуулийн (1995) нэгдүгээр бүлгийн 4 зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр хүн бие махбодийнхоо хэрэгцээ, шаардлагын дагуу хүнс хоолоор хангагдах эрхийг заасан боловч шинэчилсэн найруулгад хүнсний эрхийн асуудлыг бүхэлд орхижээ.

Хүнсний аюулгүй байдлын асуудал нь аливаа улс гүрний үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байдаг учраас бодит үнэлгээг тодорхой хугацаанд хийж, төр, засаг, ард иргэд бүгдээрээ шүүн хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч байдаг юм. Хүнсний тухай хуулийн холбогдох заалтууд нийслэл, аймаг, дүүрэг, сумын төвшинд хэрэгжихгүй, түүний хэрэгжилтийг холбогдох албан тушаалтнаас асуудаг, шаарддаг тогтолцоо ч байхгүй байна. Үндэсний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль (2001)-иар үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүнсний аюулгүй байдлыг оруулаагүй, харин өлсгөлөнг нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлын дотоод сөрөг хүчин зүйлд хамааруулжээ. Өөрөөр хэлбэл өлсгөлөнд нэрвэгдээгүй л бол хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний хэмжээнд анхаарал татахгүй юм шиг ойлгогдож байна. Засгийн газрын тухай хуулинд хүн амын хүнсний хангамжийн бодлогыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд эрхлэхээр зааж, харин хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарын асуудлыг эзэнгүй орхижээ. Ийм ч учраас хүнс, хоолноос улбаалан хүний эрүүл мэндэд хохирол учрахад Эрүүл мэндийн сайд зөвхөн ажиглагчийн байр суурь эзэлж, хүнсний бүтээгдэхүүний шимт чанарын үнэлгээ, эрүүл хүнсний бодлого орхигдож байна. Улсын мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагууд хүнсий бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн талаар үзлэг, шалгалт, хяналт шинжилгээний ихээхэн ажил байгаа боловч бодит үр дүн хангалтгүй, өнөөдөр илэрсэн дутагдал дахин давтагдахгүй байх нь тун ховор байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний гэрчилгээний эрх зүй, үзүүлэлтийн талаар нийлүүлэгч орны эрх бүхий байгууллагатай албан ёсны хэлэлцээр байхгүй, шинжилгээний арга зүйг нэгдсэн системд оруулаагүй, эх орны хүнсний үйлдвэр, бүтээгдэхүүний эрүүл ахуйн хэм хэмжээг албан ёсоор тогтоогоогүй, тэр ч байтугай Монголын эрүүл ахуйн ерөнхий эмч хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Стандарчилал, тохирлын үнэлгээний хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүн тохирлын үнэлгээнд заавал хамрагдах ёстой ч чанарын баталгаа, гэрчилгээгүй, харийн хэлээр бичигдсэн хаяг, шошготой хүнсний зүйлийг гадаадаас хувь хүмүүс ихээр зөөдөг хэвээр, эх орны үйлдвэрүүдэд чанарын удирдлагын ИСО 9001 станадрт, эрүүл ахуйн хяналтын НАССР тогтолцоог нэвтрүүлэх ажил сургалтын шатнаас гарч чадаагүй байна. Нөгөө талаар хүнсний зөв хэрэглээ, эрүүл хооллолтын талаар хэрэглэгчдэд мэдлэг дадлага олгох ажил зар сурталчилгаа төдийгөөр хязгаарлагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналтын тогтолцоо оновчгүй байгаагаас үйлдвэрлэгч, худалдагчийн хариуцлагыг мэргэжлийн хяналтын албад хүлээдэг болжээ.

Зураг 2. Хүнсний бодлогын үндэсний зөвлөлийн бүтэц

Хүнсний бодлого, аюулгүй байдлын менежментийн шинэ чиглэл
Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглан “хүнс үйлдвэрлэх” ерөнхий ярианаас хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг хөгжүүлэх, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэлт, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэргээр стратегийн асуудлуудад шилжих шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хүнсний бодлогын стратегиа зөв тодорхойлж, хэрэгжиж байгаа нэртэй, бодитой үр дүн өгөхгүй байгаа дотоод, гадаадын олон хөтөлбөр, төслүүдийг нэгдсэн стратегийн хүрээнд шинэчлэх шаардлагатай байна. Хүнсний асуудлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болгож, Хүнсний бодлогын үндэсний зөвлөл байгуулан хүнсний хангамж, хүрэлцээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стратеги, үйл ажиллагааг хариуцуулан ажиллуулах нь манай орны хөгжлийн өнөөгийн шатанд төдийгүй цаашид ч чухал ач холбогдолтой юм (зур.2).

Зураг 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хариуцлагын зарчим



Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, мал сүрэг хүрэлцээтэй оронд хүнсний бүтээгдэхүүн зөвхөн, дутах бус бас илүүдэх аюул ч тохиолдох эрсдэл байдаг учир фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрийг алс хэтийн бодлоготой хөгжүүлэх учиртай. Хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг “хүний хүнсний эрхийг хангах, хүн амын эрүүл хооллолтын бодлого”-ын хүрээнд хөгжүүлбэл ажлын байрыг олноор буй болгож, тодорхой тооны өрх айлын амьжиргааны тfвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр болно. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн тfвшинд үнэлгээ өгч, богино, дунд, урт хугацааны стратеги, үйл ажиллагааг тодорхойлох “Хүнсний бодлого судлалын төв”-ийг Үндэсний зөвлөлийн дэргэд байгуулан ажиллах нь шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн цогц судалгааны үндсэн дээр бодит байдлыг зөв үнэлж, стратегийг оновчтой тодорхойлон чиглэсэн зорилго бүхий үйл ажиллагаа өрнүүлэх чухал нөхцөл болно. Хүнсний бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаа Монгол улс байтугай, хүнсний асуудлаа бүрэн шийдвэрлэсэн Америкт, бидэн шиг “социализм” байгуулж явсан ОХУ, бус оронд ч хүнсний бодлогын бодит байдал, хэтийн төлвийг бие даасан эрдэм шинжилгээний байгууллага тандан судалж, төр, засгаас ул үндэстэй, алс хэтийн харсан шийдвэр гаргаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах үндсэн арга зам нь төрийн зүгээс хянаж, шалгахад бус, харин үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, түүнийг үнэн зөв мэдээллээр хангаж, жинхэнэ “хаан”-аар өргөмжлөн ажиллахад оршиж байдгийг зах зээлийн арвин туршлагатай орнуудын жишээ харуулж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд үйлдвэрлэгч, нийлүүлэгч юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх, харин хэрэглэгч өөрийн эрүүл мэндэд зөвхөн эрсдэлгүй бус, харин ач тустай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх зарчим юм. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хариуцлагыг юуны өмнө үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүлээдэг, харин хэрэглэгч хянадаг зарчмыг санал болгож байгаа юм (зур.3). Шинэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Хүнс, эмийн хяналтын албыг тусгайлан байгуулах, Эрүүл мэндийн сайдад Монгол улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн эрх, үүргийг хариуцуулах, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг хуулиудыг шинэчилж, шинээр Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тухай, Шилжмэл ген бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бүртгэл хяналтын тухай, Хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээний лабораторийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын тухай зэрэг хуулиудыг гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн ийм шинэчлэлтээр хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйн нэгж, худалдаа, тээвэр, үйлчилгээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах харилцаа, үүрэг, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

Монгол хүний хүнс хоолонд биологийн идэвхит ямар хүчин зүйл нэн чухал байгааг бид тогтоож чадаагүй байгаагаас гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр давс йоджуулах, гурил төмөржүүлэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг механик аргаар баяжуулахад анхаарч, харин биотехнологи, биохими, хальсан шүүлт, цахилгаан соронзон, гэрлийн долгион ашиглах зэрэг технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого орхигдож байна. Энэ байдал нь “эмчилгээ, сувиллын бүтээгдэхүүн” нэрийн дор чанар, эрүүл ахуй, гарал үүслийн баталгаагүй, хуурамч, дуураймал барааг эх орны зах зээлд ихээр гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэж байна. ОХУ, Казахстан, АНУ, БНХАУ-ын жишээгээр хүнсний технологи, хооллолт зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх хүний нөөцийн бололцоо Монголд байна. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн технологийг хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгын дор хөгжүүлбэл хүнсний асуудлыг цогц утгаар нь шийдвэрлэх боломж бүрдэнэ.
ШУТИС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2007.06.20)