Малаа даатгуулаарай Dienstag, 19. Februar 2008

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр соин, 2007.04.06)

Юуны өмнө нэгэн сонирхолтой хийгээд “шинэ” статистикийн томьёо танилцуулъя. Жилийн эцсийн мал тооллогоос-хагас жилийн мал тооллого=жилийн эцсийн мал тооллого. Үүнийг орчин цагт манай улсад хэрэгжүүлж буй малын даатгалын шинэ системийн нөхөн төлбөр олгох аргачлал гэж хэлж болно. Малчдад ойлгомжтой байлгах үүднээс ийнхүү ерөнхийлж хэллээ. Түүнээс биш үүнийг мэргэжилтнүүдийн баримталдаг томьёо гэхэд учир дутагдалтай. Даатгуулагч нарт нөхөн төлбөр олгох илүү нарийн аргачлалыг энд мөрдөх учраас тэр. Дээрх томьёонд хагас жилийн мал тооллого гэдэг огт хийгддэггүй ажил орж ирснийг харуулах гэж хэлсэн хэрэг.

Манай улс мал сүргээ жилийн эцэст тоолдог уламжлалтай. Өөрөөр хэлбэл, шинэ оноо угтах хөл хөөртэй их ажлын үеэр малын тоо толгой өссөн, уруудсан тухай мэдээлэл сонссогддог. Сүүлийн гурван ч шинэ жилийн үеэр монголчууд мал өссөн тухай таатай мэдээ дуулсан. Ялангуяа өнгөрсөн оны жилийн эцэст манай мал сүрэг 34 сая толгойд хүрч өссөн сайхан мэдээ бий.

Гэхдээ Монгол Улс малаа үнэн зөв тоолж чадаж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Манай мал тооллогын хэлбэр нэг л биш гэдгийг сүүлийн жилүүдэд олон хүн ярьж, эргэлзээ тээж яваа гэж хэлж болно. Харин энэ оны зургадугаар сард хагас жилийн мал тооллого гэж болох нь байна. Энэ ажлыг орон нутгийн засаг захиргаа, Үндэсний статистикийн газар, “Малын индексжүүлсэн даатгал” төсөл хамтран зохион байгуулах аж. Тэгээд дээр хэлсэнчлэн өнгөрөгч жилийн эцсийн мал тооллогын дүнтэй хагас жилийн мал тооллогыг харьцуулахаар даатгалд хамрагдсан сумдын малчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээ гарна. Энэ нь мал тооллогын шинэ систем сүргийн тоог илүү үнэн зөв гаргах боломжтой олон улсад хэрэгждэг арга гэдгийг “Малын индексжүүлсэн даатгал” төслийнхөн ярьж байна.

Тэдний ярьж буйгаар уг ажилд өмнөх шиг ихээхэн хөрөнгө мөнгө, олон унаа машин, мэргэжилтэн, албаны хүмүүс шаардлагагүй бололтой. Түүвэр судалгааны аргыг хэрэглэхээр холбогдох газрууд судалж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, Үндэсний статистикийн газрынхан жил бүр 340 суманд очиж, 400-500 сая төгрөг зарцуулах шаардлагатай юу гэдгийг бодож эхлэх вий. Энэ нь хоёр жилийн өмнөөс хэрэгжсэн малын даатгалын шинэ системтэй холбоотой юм.

Монголын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Малын индексжүүлсэн даатгал төсөл” 2005-2009 онд Увс, Баянхонгор, Хэнтий гэсэн гурван аймагт хэрэгжиж буй. Дэлхий дээр малыг индексжүүлсэн аргаар даатгаж байсан туршлага байхгүй ч манай улс нийгэм, эдийн засгийн тулах багана болсон үндэсний баялаг мал аж ахуйн салбартаа анх удаа хэрэгжүүлж буй нь энэ.

Манай улс 1963 оноос мал сүргийг албадан даатгаж байсан. … сумын малчин Батын бор үнээ” хэмээн малыг зүсчилэн даатгадаг тогтолцоо шинэ нийгмийн шаардлагад нийцэхгүй болсон. 1991 оноос малын даатгал багасч “Монгол даатгал”, “Түшиг даатгал” компани жил бүр 200 гаруй мянган толгой мал даатгаж иржээ. Үүнийг нийт малын тоотой харьцуулж хувиар илэрхийлэх юм бол нэг ч хувь хүрэхгүй гээд бод доо. Хэдийгээр зах зээл хөгжиж улс орны хөгжлийн хурдац нэмэгдэж буй ч, манай хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуй эрхэлсээр. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох, малчдын ирээдүйг баталгаажуулах шаардлага төр, засгийн өмнө тулгарсан болохоор малын даатгалын шинэ хэлбэрийг эрэлхийлсэн.

Хэдийгээр даатгал эрсдэлийг бууруулах гол хэрэгсэл гэж үздэг ч манай малын даатгалын уламжлалт хэлбэр, итгэл үнэмшил, үр ашиг муутай, малын хорогдлоос учрах эдийн засгийн хохирол их байсан. Уг нь зах зээл эхэлснээс хойш малын даатгалд санаа тавиагүй биш, шинийг санаачлах гэж үзэж. 1991 оноос хойш ХХААЯ-наас Малын даатгалын тухай хуулийг гурван ч удаа санаачилж, УИХ-д оруулсан боловч батлаагүй байна.

Хэдийгээр улс орон хөгжиж, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбарын тоо нэмэгдсэн ч эдүгээ олонх нь мал аж ахуй эрхлэн амьдарч буй учраас малын даатгал манайд хамгаас чухал. Тиймээс ч малын даатгалыг хэрэгжүүлэхийн тулд тулд 2002 оноос орон даяар судалгааны ажил эхэлж, Увс, Баянхонгор, Хэнтийг сонгожээ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Л.Тунгалаг “Манай төсөл өнгөрсөн оноос үндсэн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн. Бид байгалийн гамшиг болох магадлал ихтэй Баянхонгор, цаг агаарын байдал тогтвортой байдаг Увс, харьцангуй бага зуд болдог Хэнтий аймгийг сонгож авсан. Эдгээр аймаг Монголын нийт нутгийн нөхцөл байдлыг төлөөлж чадна. Эдгээр аймгийн 2400 гаруй малчин даатгалд хамрагдсан. Хамгийн дээд тал нь 700-гаад мянган төгрөгийн хураамж төлж, малаа даатгуулсан байгаа. Нийт 87 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн.

Увс аймгийн нийт малчдын 12, Баянхонгорын малчдын 8.3, Хэнтийд малчдын 4.2 хувь нь хамрагдсан. Эндээс тухайн нутаг дэвсгэрийн эрсдэлд хэрхэн өртдөг байдал харагдаж байгаа хэрэг” гэв. Дээрх гурван аймгийн 56 суманд даатгалын дөрвөн ч компанийн үйлчилгээ хүрчээ. Ингэхдээ Засгийн газар эрсдэлийн ихэнх хувийг үүрдэг байна. Ингэхгүй бол байнгын эрсдэлд байдаг мал аж ахуй руу даатгалын үйлчилгээ хавьтахгүй.
Одоо сум бүрт төслийн болон даатгалын компаниудын төлөөлөгч ажиллаж, малчдад даатгалын тухай танилцуулж, ач холбогдлыг нь ойлгуулж байгаа аж.

Даатгал сайн дурын үндсэн дээр оршин тогтнодог хуультай. Болзошгүй аюул гамшиг эрсдэлээс хэрхэн эд хөрөнгөө хамгаалах вэ гэдгээ тооцсоны үндсэн дээр даатгалд хамрагддаг. Манай малчид 1999-2002 он хүртэлх дөрөвхөн жилийн хугацаанд ган, зудын гамшгийг хангалттай амсаж, зовсон учраас учирласан учирлаагүй даатгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоо биз. Ялангуяа манай малчид малыг хөрөнгө биш гэж ярих нь бий. Мал тэдний хувьд идэх, өмсөх, эдлэх, хэрэглэхдээ өмнөө барьдаг ганц хөрөнгө нь мөнөөсөө мөн. Хэдэн зуун мянган малтай байсан ч хэн ч урьдчилан төсөөлөөгүй байгалийн гамшигт оргүй болох барьцгүй хөрөнгө гэдгийг малчид мэддэг учраас тийн ярьдаг биз.

Манайд эдүгээ даатгалын янз бүрийн хэлбэр бий болсон. Харин байнгын эрсдэлд байдаг бэлчээрийн мал аж ахуйг даатгах шинэ аргыг манай улс анх удаа туршиж байгаа юм. Малчдын нөхөн төлбөрийг төлөх, тэдний ирээдүйн амьдралыг баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг зөвхөн малчин биш, төр засаг, даатгалын компаниуд хамтдаа үүрэх шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байгаа нь олзуурхууштай.

Мал тооллогын дүнд үндэслэн сумын хэмжээнд гарсан нийт малын хорогдлын зургаа буюу арван хувиас дээшихэд индексжүүлэн даатгаж нөхөн төлбөр олгодог.
Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 10 хүртэлх хугацаанд “Малын индексжүүлсэн даатгал”-ын борлуулалт хийгддэг аж. Өөрөөр хэлбэл, жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртэлх хугацааг хамардаг.

Энэ хугацааг зүгээр чиг сонгочихоогүй гэнэ. Олон жилийн судалгаагаар малын зүй бус хорогдлын 90 гаруй хувь арванхоёроос дөрөвдүгээр сард гардаг учраас ийнхүү дээрх цаг хугацаан дахь эрсдэлийг даатгалд хамруулжээ. Жишээ татъя. Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Дорж өнгөрсөн оны гуравдугаар сард даатгалд хамрагдсан бол, энэ оны долдугаар сард нөхөн төлбөр авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ оны жилийн эцсийн мал тооллогыг ирэх оны хагас жилийн мал тооллоготой харьцуулаад гарсан хорогдлын нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Гэхдээ Доржийн малын хорогдол долоон хувиас дээш гарсан л бол авах юм биш. Баацагаан сумын хэмжээнд малын хорогдол тогтсон хувиас дээш гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

Бүс нутгаасаа хамаарч, малчдын төлөх даатгалын хураамж янз бүр. Малчин ямар төрлийн мал даатгуулах гэж байна түүнийгээ зах зээлийн үнээр үнэлнэ. Жишээлбэл, Увс аймгийн Малчин сумын Дондог нэг бүр нь 110 мянган төгрөгөөр үнэлэгдсэн 30 үхэр буюу нийт 3.3 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж бодъё. Үүнийгээ зургаан хувийн босгоор даатгуулжээ. 3.3 сая төгрөгийг 1.9 хувиар бодохоор Дондог 62.700 төгрөгийн хураамж төлнө гэсэн үг. Үүнийг их байна гэвэл малчин Та малынхаа нийт үнэлгээг бууруулж арай бага хураамж төлөх боломж бас бий. Малын даатгал шаардсан эрсдэл манайд хэзээ хэрхэн нүүрлэж байсан баримтаас дурдъя.

- 1999-2000 онд байгалийн гамшгийн үед мал сүргээ хариулж яваад 40 гаруй хүн алтан амиа алджээ.
1945 оны мичин жилийн зудын тухай монголчууд одоо ч ярьдаг. — Хэзээ ч мартагдахааргүй хохирол амсуулсан учраас тэр.
- 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байжээ.
- 1999-2002 онд болсон зудад манай улсын 11.2 сая толгой мал хорогдож, 333 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Үүнийг мөнгөн хөрөнгөөр илэрхийлбэл тухайн үеийн улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц мөнгө аж.

Дэлхийн банк 180 гаруй оронд хэрэгжүүлдэг төслүүдийнхээ хамгийн шилдэгт нь олгодог “Алтан анжис” нэртэй нэр хүндтэй шагналаа өнгөрсөн жил манай “Малын индексжүүлсэн даатгал” төсөлд олгож байсныг санаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй оролцдог донор байгууллагынхан хэр баргийн юманд хөнгөн хөдлөх улс биш учраас уг шагналаа ч нэлээд ул суурьтай бодож, судалж байж өгсөн байж таарна.

Тэгж бодохоор гурван аймагт хэрэгжиж буй малын индексжүүлсэн даатгал үр өгөөжтэй байж болох талтай. Уг төслийг орон даяар хэрэгжүүл гэсэн шахалт ирсээр байгаа ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар удирдуулсан уг төслийнхөн гурван аймгийн судалгааны болоод ажлын эцсийн үр дүнгээ харж байж хөдөлнө хэмээн “гүрийж” суугаа бололтой.

Малчид маань зуд зулагтай гэж хууртан суух биш, дээрх монголчуудын сэтгэлд хар толбо үлдээсэн байгалийн гамшгийг санан, гагцхүү даатгалд хамрагдаж, түүний мөн чанарыг ойлгож амьдрах нь ирээдүйтэй гэлтэй. Малаа даатгуулаалах цаг иржээ.