Хөдөөгийн хөгжил дэх зээл, тусламжийн үр нөлөөний тухайд Dienstag, 19. Februar 2008

Ерээд оноос хойш арваад жилийн хугацаанд Монгол Улс 2.5 тэрбум ам. долларын хөгжлийн албан ёсны тусламжийг авчээ. Энэ тоо нь хөдөөгийн долоон аймгийг хамарсан «Хөгжлийн албан ёсны тусламж хөдөөгийн хөгжилд» судалгааны дүнд гарсан тоо юм. Уг судалгааг Нээлттэй Нийгэм Форумаас хийлгэсэн байна. Хөгжлийн төлөө авч байгаа эдгээр зээл, тусламж нь биднийг тусламжаас өндөр хамааралтай орон буюу хамааралтай 30-хан орон байдгийн дөрөвдүгээр байрт оруулжээ.

Нэг талдаа манай эдийн засаг биеэ дааж хөгжих үндэс суурь байхгүй болохоор гадны зээл, тусламж л бидний амьдралыг өдий дайнд чирж яваа юм чинь гэж өмгөөлөх нэгэн байхад нөгөө талдаа аливаа юмны тун нь хэтрэхээрээ буруу тийшээ явдаг гэдэг үнэн бас зэрэгцдэг. Гэхдээ хөгжлийн албан ёсны тусламжийн 51 хувь нь зээл, 49 хувийг нь буцалтгүй тусламж эзэлж байна. Харамсалтай нь энэхүү их хөрөнгө мөнгө нь хөдөөгийн хөгжилд дорвитой үр дүнг үзүүлсэнгүй гэсэн хариуг судалгааны эцэст гаргажээ. Ямар учраас зээл, тусламжийг оновчтой ашиглаж чадахгүй байна вэ?

Хөдөө рүү чиглэсэн зээл, тусламжийн бодлого, зохицуулалт нь оновчгүй, төрийн алба нь дэндүү нүсэр, хүний нөөцийн удирдлага муутай, цалин хэт бага, авилгал хуйвалдаан хавтгайрсан, эдийн засгийн үр ашгийг тооцдоггүй гэсэн олон шалтгааныг энд дурджээ. Түүнчлэн улстөржилт, шийдвэр нь олон шат дамждаг, мэдээлэл муу, хяналт хангалтгүй, үр дүнг тооцох тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанууд байгаа гэнэ.

Ихэнх зээл, тусламжийн хөрөнгө нь дэд бүтэц, нийгмийн салбарт зарцуулагджээ. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын байгууллагад тусламж их орлоо гэхэд тухайн улсын эдийн засагт өсөлтийг авчирдаггүй гэсэн судалгааны дүгнэлт байдаг юм билээ. Нийт тусламжийн 30 хувь нь дэд бүтэц рүү чиглэснээс харахад Засгийн газраас сүүлийн арваад жилд энэ салбарт тэргүүлэх ач холбогдол өгч байснаар тайлбарлаж болох ажээ. Ингэснээр эрчим хүчний хямралаас гарч, зам харилцаа сайжирсан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдсэн, интернэт мэдээлэл харилцаа аймгуудын түвшинд хүрсэн давуу талууд бий.

Хөдөөгийн иргэд энэ талаар ойлголт тааруухан төдийгүй тусламж гэдэгт ганц нэг шуудай гурил, будаахан төдий л гэсэн ойлголттой байдаг байна. Ер нь тусламжийг хүртэгсэд нь төр захиргааны ажилтнууд, сум, хороо, багийн дарга нар тэдний ойр дотны хамсаатнууд нь байдаг байна. Ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжсэн төслүүдийг хөдөөнийхөн мэддэггүй аж. Донор байгууллагуудаас хэрэгжсэн Дэлхийн банкны «Тогтвортой амьжиргаа», АНУ-ын «Говийн санаачилга», ХБНГУ-ын «Нөхөн үржихүйн төслүүд»,Японы«өвснийүндэс»зэрэг 10 төслийг хөдөөнийхөн хамгийн сайн мэддэг байна. Энэ нь ч бас учиртай. Тэдэнд хүрсэн зүйлийг хийж чадсан учраас ийм мэдээлэлтэй байж магад.

Харин энэ зээл, тусламж нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хэр нөлөөлсөн бэ гэдэгт аймгийн төр, захиргааны ажилтны 80 хувь нь «сайн», бизнес эрхлэгчдийн 10 хувь нь «сайн», нутгийн оршин суугчид, жирийн иргэд «мэдэхгүй», «ялгаа байхгүй» гэсэн үнэлгээг өгчээ.

Үнэхээр манай төрийн ба төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж нь үр дүнтэй байж чадахгүй байгаа бол хөдөөгийн хөгжлийн ямар чиглэл рүү бодлогоо хандуулах хэрэгтэй болж байна вэ? Судалгааны зөвлөмжид юуны өмнө хөгжлийн албан ёсны тусламжийг ашиглах дунд болон урт хугацааны стратеги боловсруулж хөгжлийн тушаа болоод байгаа асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэжээ. Үүнд хөдөөгийн эрчим хүчний хязгаарлалтын бэрхшээлийг шийдвэрлэж өөр эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн аймгийн төвийнхөнд тохилог орон сууц хэрэгтэй байгаа учраас урт хугацааны маш бага хүүтэй орон сууцны зээлийг бий болгох шаардлагатай аж. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд олон шат дамжлагагүйгээр урт хугацааны, маш бага хүүтэй зээл хэрэгтэй гэсэн үг судлаачийн уулзсан бизнес эрхлэгч болгоны амнаас гарч байжээ.

Засгийн газар хандивлагчдаас 20-30 жилийн хугацаатай, жилд нэг хувийн хүүтэйгээр зээл авчихаад арилжааны банкаар дамжуулж хөдөөгийн бизнес эрхлэгчдэд очихоороо 36-42 хувийн хүүтэйгээр очдог төдийгүй бас дээр нь маш их тодорхойлолт, тооцоо, баталгаа, барьцаа шаарддагийг хөдөөнийхөн шүүмжилж байжээ.

Тухайн зээл хэрэгжихээс эхлээд дуусах хүртэл зээлийг ашиглагч нь гол тоглогч байх хэрэгтэй юм байна. Судалгаанаас үзэхэд зээлийг ашиглагч идэвхтэй оролцсон тохиолдолд үр дүн нь дөрөв дахин дээшилдэг гэж үздэг гэнэ. Мөн гадаадын зөвлөхийн зардал хэт өндөр байгаад хязгаар тогтоох шаардлагатай гэж мөн дүгнэсэн байна.

Сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн бодлогыг салгаж, хөгжлийн бодлогыг гаргаж ирдэг «толгой» төвийг байгуулж, ТББ, хүрээлэн, иргэд, бизнесийн төлөөллийн тэгш оролцоотой гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл нь бас зохицуулалтаа хийдэг байх гэнэ. Зээлийн бодлого, зохицуулалт дээр анхааран одоогийн байгаа байдлаасаа зээлийг 35 хувь, буцалтгүй тусламжийг 65 хувьд хүргэх чиглэл рүү явах хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмж, зээлээ багасга гэсэн үг.

Ирж байгаа зээл, тусламжийг өөрийнх нь жинхэнэ утгаар нь зөв зарцуулах юм бол үр дүнтэй байх дамжиггүй. Гадны тусламжаар хөл дээрээ босч хөгжлийнхөө зөв замд орсон улс олон байдаг. Хөгжлийн үлгэр дууриал болгон ярих дуртай Тайвань, өмнөд Солонгос, Тайланд, Гонконг, Сингапур улсууд тусламжийн мөнгөн дээр босч барын зам руу орсон гэдэг. Тийм болохоор бид зээлийн бодлогоо зөв боловсруулбал бидэнд хөгжил ирэх ч юм бил үү.
Г.ӨЛЗИЙСАЙХАН
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.12.15)