Вакцинжуулалт малын өвчинтэй тэмцэх арга биш Dienstag, 19. Februar 2008

О.УЛАМБАЯР (малын эмч) (Өнөөдөр сонин, 2007.03.09)

Монгол мал харьцангуй бага өвчилдөг. Манай орны уур амьсгал халуун хүйтний хэлбэлзэл ихтэй, агаар, ус, бэлчээр нь харьцангуй цэвэр учраас тэр. Малчид ч таруу нутагладаг төдийгүй жилдээ хэдэнтээ бууриа сэлгэж, малынхаа аяыг даган нүүдэллэдэг, элдэв өвчнөөс сүргээ хамгаалах хямд бөгөөд сайн аргуудтай, монголчууд. Тиймээс манай оронд мал амьтны халдварт өвчин олон жилийн давтамжтай илэрдэг. Эндээс үзэхэд манай улс мал сүрэгтээ вакцин хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч маш бага хэрэглэх боломжтой. Малд вакцин огт хэрэглэдэггүй байсан үеийг хавтгайруулан хэрэглэж буй орчин цагтай харьцуулахад мал сүргийн бүтэц, эрүүл мэндийн байдалд онцын ялгаа алга.

Төрийн мал эмнэлгийн удирдах, оношлох, судлах, сургах албад нь малын ердийн халдварт өвчнүүдийн гаралтыг хэтрүүлэн үнэлж, вакцинжуулалтыг хавтгайруулан мал бүрт жил дараалан хэрэглэхийг зөвлөсөөр байна. 1970–аад оноос Биокомбинатын үйлдвэрлэсэн вакцины нэр төрөл, хэмжээнд тааруулж төрийн санаачилга, шахалтаар эзнээс нь асуухгүйгээр мал сүргийг кампаничлан вакцинжуулдаг болсон.

Үнэн хэрэгтээ вакцины дийлэнхийг үр ашиггүй зарцуулдаг байв. Энэ зуршил одоо ч хэвээрээ байгаа бөгөөд сүүлийн үед вакциныг малчдад тарааж өгдөг шинэ арга нэвтэрч байна. Энэхүү үрэлгэн бөгөөд цамаан хэрэглээ нь бүх төрлийн вакцины зардлыг төрөөс төлдөгтэй холбоотой.
Малын өвчний тохиолдлыг тодорхой нутагт сүргийн хэмжээнд тандан судалж, хандлагыг нь тодорхойлдог мэргэжилтнийг эпидемиологч гэдэг. Ийм хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн төрийн мал эмнэлгийн албаны гол цэгүүдэд алга байна. Иймээс тус мал эмнэлгийн албад нь мал сүргийн өвчлөлийг бодитой үнэлж чаддаггүйгээс халдварт өвчнөөс эрүүлжүүлэх ба сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөж чаддаггүй.

Тэд малын өвчлөлийг нэг бол хэтрүүлэн үнэлдэг, эсвэл үгүйсгэдэг зуршлаас салаагүй байна. Богино хугацаанд илрээд дэгдэлт нь намжих өвчнийг жил бүр гарах юм шиг, нэг жалганд гараад өнгөрөх өвчлөл хавийн газрыг нөмрөх гэж байгаа мэтээр сүржигнэх явдал байсаар.
Мөн малын өвчлөл улсын эдийн засагт болон нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг, ямар өвчний тохиолдолд төр хэрхэн оролцохыг хууль тогтоогчид онож тодорхойлж чадахгүй байна. Зах зээлд ч манай Засгийн газрын мал вакцинжуулах төлөвлөгөө хөдөлшгүй хэвээрээ. Шинэ цагт ган гачиг, зуд турхан болж, малын тоо толгой цөөрч, цаг агаарын өөрчлөлт мэдрэгдэж, малчдын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж , өвчин илэрсэн ч, илрээгүй ч хэрэглэх вакцин, тарилгад хамруулах хугацаа, тарих малын тоо нь нэг л янзаараа буй нь хачирхалтай.

Зайсангийн аманд хэд хэдэн нууц хурал болсон гэдэг. Тэнд нууцалсан зүйл нь гэвэл боом гэх мэтийн малын халдварт өвчний гаралт нэмэгдээд байгаа, үүний шалтгаан нь вакцин хийхгүй байгаа явдал. Үүнийг багасгахын тулд вакцин хийгээд л байх хэрэгтэй гэж ярилцсан юм байх. Шийдвэр гаргах түвшний холбогдох албаныхан вакцины ченжүүдийн бие төлөөлөгч, түгээн борлуулагч төдий үүрэгтэй болжээ. Биокомбинат вакциныг малчдад сайн шахсан аймгийн Мал эмнэлгийн албыг шалгаруулан урамшуулдаг гэж байгаа. Малчид хэрэгцээгүй вакциныг малдаа тариулах дургүй. Малд нь вакцин тарих эсэхийг, ямар вакцин хэрэглэхийг хэрэв асуувал тэд ихэнхээс нь татгалзана. Манай ихэнх вакцины дархлаа үүсгэх чанар тааруу гэж хэлж болно.

Өмнө нь нэлээд сайн байсан вакцины чанар ч сүүлийн үед муудаж байгаа. “Малд хийсний дараа буглах, булдруутах зэрэг хүндрэл үүсдэг. Зарим вакцин өвчнөөс хамгаалах бус өвчлүүлэх нь бий. Түүнчлэн вакциныг шаардлагатай цагт нь хэрэглэгчдэд ирүүлдэггүй” гэсэн гомдлын үгийг малчид болон малын эмч нар ярьдаг. Гэвч байдал сайжирдаггүй, учир нь Биокомбинат юм голдоггүй ганц худалдан авагчтай, тэр нь Засгийн газар. Засгийн газар ганц нийлүүлэгчтэй, тэр нь хэрэглэгчдээ гологддог Биокомбинат. Энэ лагс үйлдвэрээ яая гэж байхад бас төрийн хөрөнгөөр вакцины шинэ үйлдвэр барих саналыг вакцины ченжүүд, улстөрчид хамтран эрх баригчдад идэвхтэй тулган шаардаж байгаа сураг дуулдана.

Вакцинжуулалтын хөлсийг төрөөс төлдөг болсноос хойш мал вакцинжуулах санал эрс нэмэгдлээ. Энэ нь малчдын санал биш, хувийн мал эмнэлгээс гарч буй санал юм. Хэдэн малчны нэрийн жагсаалт, малын тоо, гарын үсэг үзүүлээд л вакцин тарьсны хөлс гэж багагүй мөнгө авна. “Вакцин” гэхээс өөр үйлчилгээ хийдэггүй “мал эмнэлгүүд” нэмэгдсээр. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг татвар төлөгчдийн мөнгөөр 40-50 жил тарааж өгснөөр төрийн мал эмнэлгийн үйлчилгээний үрэлгэн, цамаан зан л нэмэгдсэн үү гэхээс дорвитой үр дүн гараагүй.

Халуун нар, тачигнасан жавар, ширүүн салхи, хурын ус нь уудам орчныг цэвэрлэн халдваргүйтгэдэг нь манай орны нэг давуу тал. Халдваргүйтгэл нь өдөр тутам биш, хааяа нэг, хаа сайгүй биш, хаа нэгтээ аль нэг өвчний илрэлийн дараа гарч ирдэг хэрэгцээ тул бэлдмэл худалдан авч, сум бүрт түгээдгийг 1999-2001 онд зогсоосон боловч одоо дахиад л сэргэлээ. Зарим компаниас «эм»-ээ төрд «худалдах» хүсэлтийг гүйцэлдүүлж байгаа бололтой. “Ариутгал”-ын хэрэгцээ, хэрэглээ хоёр малчны хотонд бараг мэдрэгддэггүй.

Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг зогсоохдоо өвчилсөн малыг эрт илрүүлж, бүрэн устгаж чадаж байгаа бол, хорио цээрийн дэглэмийг чанд хэрэгжүүлж чадаж байгаа бол вакцинжуулалтыг хэрэглэх шаардлагагүй, хэрэглэсэн ч зөвхөн голомтонд, цөөн малд нэг, хоёр удаа хэрэглэх боломжтой. Хэрэв голомт тойрсон уудам нутагт мал бүрийг 2-3 жил дараалан хэд хэдэн удаа “вакциндаж” байгаа бол хөнгөн өвчилсөн малыг устгах хэрэггүй юм.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулан вирус тээгчийг хилээрээ оруулахгүй байх, дэгдэлтийг эрт оношлон зогсоох арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулж, хорио, хязгаарлалтад аль болохоор бага нутаг, цөөн хүн богино хугацаанд өртөж, цөөн мал устгаж, цөөн мал “вакциндаж” бага зардлаар голомтыг аюулгүй болгох боломж байна.

Харин шүлхийн вакцины ченжүүдэд чихдүүлсэн мэт холбогдох албаныхан ингэж ажиллаж чадахгүй байна. Шүлхийн дэгдэлт дарагдчихаад байхад шүлхийн вакцин тойрсон улс төр, мөнгөний бүлгүүд 3-4 аймгийн арав хорин сая малд вакцин тариулж чадаж байна. Шүлхийн вакцины хэрэглээ Засгийн газрын мэдэлд байна уу, эсвэл вакцины ченжүүдийн мэдэлд байна уу. Шүлхийн вакцинжуулалт малчин, мал хоёрт яаж тусч байгааг, вакцинд өртсөн нутгийн нийт хэмжээ, малын тоо ямар болоод буйг хариуцсан албатууд мэдэж байгаа болов уу.

ХХААЯ-ны мал эмнэлгийн албанаас мэдээлж буйгаар бол Монгол оронд вакцинд өртөөгүй мал байхгүй болжээ. Үхэр, хонь, ямаа жилдээ хэд хэдэн удаа вакцин тариулна. Энэ үзүүлэлтээрээ манай мал дэлхийд ч тэргүүлэхээр болжээ. Нийслэлчүүд жилдээ долоогоос найман удаа вакцинд хамрагдсан үхрийн сүү ууж, мах иддэг гээд бод доо. Тухайлбал, хот орчмын 10 настай үхэр 70-80 удаа вакцин хийлгэсэн байдаг. Ийм малын бүтээгдэхүүнийг цэвэр гэх үү. Төрийн оролцоотой, малчинд хүрдэггүй, хэрэгцээгүй, хавтгай вакцинжуулалт нь Монгол Улс харьцангуй эрүүл мал сүрэгтэй орон гэдгийг үгүйсгэж, монгол малын бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна.

Орчин үед вакцинжуулалт нь өвчинтэй тэмцэх цор ганц тахин шүтдэг арга биш болжээ. Вакциныг хавтгайруулж биш, онилж хэрэглэх ёстой. Түүнийг хэрэглэх нь мэргэжлийн урлаг бөгөөд мал эмнэлгийн албаны чадварыг шалгаж, илтгэдэг. Вакциныг зайлшгүй тохиолдолд зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын саналаар төрийн шийдвэрээр хяналтын дор хэрэглэх ёстой.

Хэрэгцээгүй хавтгайрсан вакцинжуулалтаас татгалзъя. Малын дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, сохор догол, шөвөг яр, томуу, сахуу, иж балнад зэрэг нутгийн суурин өвчнүүдээс сэргийлэх вакцины үнэ хийгээд зардлыг малын эзэд төлдөг байх журамд шилжих цаг хэдийнэ болсныг хэлье. Ингэвэл малчид малаа ямар өвчнөөс хамгаалж ямар вакцин тариулж буйгаа, ер нь ингэх хэрэг байна уу, үгүй юү гэдгийг тунгаан боддог, саналаа илэрхийлдэг болно.

Социализмын үед бидэнд зориулж “үсэнд нь тариа хийдэг, үхсэнд нь акт бичдэг хүнийг малын эмч гэнэ” гэх тодорхойлолтыг олон түмнээс өгсөн. Малыг хувьчилснаар үхсэнд нь акт бичих тамын үүргээс салсан. Одоо вакцины хэрэглээнд төрийн оролцоог оновчтой болговол малын үсэнд нь тариа хийдэг зовлонгоос салж болохоор байна.

1 Kommentare:

Google+ hat gesagt…

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339